Франц: Ницца хотод жуулчны хөлөг онгоц нэвтрүүлэхийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
Европчуудын хамгийн ихээр зорьж очдог Францын аялал жуулчлалын алдартай газар болох Ницца хот ирэх зунаас эхлэн жуулчдын хөлөг онгоц хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэв. “Le Figaro” сонины мэдээлснээр, хотын дарга Кристиан Эстроси өнгөрсөн 20-ны өдөр мэдэгдэл хийж, Ницца болон Вильфранш-сюр-Мэр боомтуудад аяллын хөлөг онгоц нэвтрүүлэхийг бүрэн хориглоно гэсэн байна. Тэрбээр “Жуулчдын суусан хөлөг онгоц энд ирээд олигтой мөнгө ч зарцуулдаггүй, байгаль орчныг бохирдуулж, хогийн сав дүүргээд буцдаг” гээд "5000 гаруй зорчигч тээвэрлэсэн хотын дайтай том хөлөг онгоц Ницца хотынхны хүссэн аялал жуулчлалын загвартай авцалдахгүй байна" гэжээ. Улмаар Ницца хотыг хөгжүүлэх бодлого алдагдсанаас болж бетонон ширэнгэ болсон гэж үзэж байгаагаа мөн дурдсан байна. Ниццагийн далайн эрэг нь ерөнхий сайд асан Уинстон Чөрчилл тэргүүтэй Их Британийн язгууртнуудын амрах дуртай газар байв. Мөн олон жилийн өмнөөс Европын чинээлэг хүмүүс энд газар худалдаж аван харш барьж урт удаан хугацаагаар амардаг болсон юм. Хотын даргын энэ шийдвэрийг иргэд болон орон нутгийн байгаль орчны идэвхтнүүд талархан хүлээн авчээ. Байгаль орчны мэргэжилтнүүдийн гаргасан тооцоогоор, жуулчдын хөлөг онгоцууд эндхийн агаарт жилдээ 30 мянган автомашиныхтай тэнцэх хорт утаа гаргадаг байна. Харин худалдаа, бизнес эрхлэгчид уг шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Тухайлбал, нэгэн рестораны эзэн “Бид ихэвчлэн Их Британи, АНУ, Скандинавын орнуудын иргэдэд үйлчилдэг. Тэд ирэхгүй бол бид орлогогүй" гэжээ. Тэдний шаардлагаас болж хотын даргын шийдвэр Засгийн газрын эсэргүүцэлтэй тулгарч магадгүй юм. Газар дундын тэнгисийн бүсийн Далайн захиргааны мэдээлснээр өнгөрсөн онд Ницца боомтод аяллын 117 хөлөг онгоц иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.