Словени болон Словак улс Дональд Трамптай ямар холбоотой вэ?
Анд нөхдийн мэдээ
2025-01-23
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслол дээр түүний гэргий Меланиа Трамп өргөн хүрээтэй бүрх малгай, хар хөх өнгийн хослол өмссөн байсан нь олны анхаарлын төвд байв. Төв Европын Словени улсаас гаралтай тэрбээр нэгэн цагт алдартай загвар өмсөгч байсан юм. Харин түүний төрөлх нутаг Словени улсыг ихэвчлэн Словактай андуурах тохиолдол элбэг. Хоёр орны нэрээс гадна төрийн далбаа нь хүртэл ойролцоо өнгө, хэлбэртэй байдгаас болж дипломат арга хэмжээний үеэр эндүүрэл гарч байсан тохиолдол цөөнгүй. Түүгээр үл барам Вашингтон хот дахь хоёр улсын Элчин сайдын яаманд андуурч ирсэн бичгийг байнга солилцдог гэнэ. Хоёр улс үнэндээ бол угсаа гарал нэгтэй гэж үзэж болно. Юуны өмнө үндэстний нэр нь славуудын "хэл" гэсэн утгатай "слово" гэсэн үгээс гаралтай. Хоёр улсын төрийн далбаа нь цагаан, хөх, улаан гэсэн гурван хэвтээ судалтай бөгөөд зөвхөн сүлднийх нь хэлбэр өөр. Эдгээр гурван өнгө нь слав угсаатны бэлгэдлийн өнгө бөгөөд Орос, Чех, Хорват, Серби зэрэг бусад славын орнуудын далбаан дээр ч байдаг.
Түүхэн гарал үүслийн хувьд V зуунд Европт суурьшсан славууд нь Баруун Слав (Чех, Польш, Словак), Зүүн Слав (Беларус, Орос, Украин), Өмнөд Слав (Болгар, Хорват, Монтенегро, Серб, Словени) гэж хуваагддаг байжээ. Хэдийгээр угсаатны болон хэлний язгуур угсаа нэг боловч Дундад зууны үеэс салж багагүй хугацаа өнгөрсөн тул хэл, соёл, шашин шүтлэгийн хувьд тэс өөр үндэстнүүд болсон байна. Словени нь Альпийн нуруу, Адриатын тэнгисээр хиллэдэг бол Словак нь Зүүн ба Баруун Европын хооронд оршдог. Гэсэн хэдий ч хоёр улс Хүйтэн дайн дууссанаас хойш ижил төстэй замыг туулсан. Словени 1991 онд Югославаас салж тусгаар тогтнолоо зарласан бол 1989 онд Чехословак улс ардчилсан хувьсгал хийж Бүгд Найрамдах Чех улс байгуулсны дараа 1993 онд Словак тусгаар тогтносон улс болжээ. Словени, Словак хоёр хоёулаа Европын холбоо болон НАТО-гийн гишүүн юм. Үүний зэрэгцээ, Д.Трампын анхны эхнэр Ивана Трамп (1949-2022) нь Словактай нэгэн улс болж явсан Чех улсад төрсөн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.