Пакистаны агаарын тээврийн компани буруу ойлгогдохуйц сурталчилгаа хийсэндээ уучлал гуйв
Анд нөхдийн мэдээ
2025-01-17
Дөрвөн жил завсарласны дараа Европт нислэг үйлдэж эхэлсэн Пакистаны агаарын тээврийн компани сурталчилгаагаа хийхдээ, онгоц нь Парисын Эйфелийн цамхагийг мөргөх гэж буй мэт харагдахаар хийж нийтэлсэн явдалдаа уучлалт гуйв. Пакистаны үндэсний агаарын тээвэрлэгч "Pakistan International Airlines" компанийн хэвлэлийн төлөөлөгч Абдулла Хафиз энэ талаар хэлэхдээ сурталчилгааны зурагт хуудас нь 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг санагдуулах зорилго агуулаагүй гэдгийг онцлоод “Хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлсэн сурталчилгаа хийсэндээ уучлал гуйж байна” гэжээ. Тэрбээр Эйфелийн цамхагийг сурталчилгаандаа оруулсан нь тус цамхаг жуулчдын анхаарлыг хамгийн ихээр татдагтай холбоотой, өөр зорилго агуулаагүй гэдгээ дурдсан байна. Болсон явдлын талаар сануулахад, өнгөрсөн 10-ны өдөр PIA компани Европт хийх нислэгээ сэргээж Исламабад, Парисын хооронд нислэг үйлдэж эхлэх тухай сурталчилгаа хийхдээ тус компанийн онгоц Парисын дээгүүр нисч байгаа нь Эйфелийн цамхагийг мөргөх гэж буй мэт харагдахаар бүтээсэн нь олон нийтийн шүүмжлэлтэй тулгарсан юм. Зурагт хуудсыг харсан хүмүүс есдүгээр сарын 11-ний террорист халдлагыг санагдуулсан хэмээн шүүмжилж "Энэ анхааруулга, заналхийлэл үү?” гэж асуух болсон байна. Ийм байдал үүсэн даруйд Пакистаны ерөнхий сайд Шехбаз Шариф нөхцөл байдалд даруй дүгнэлт хийж арга хэмжээ авах тушаал өгчээ. Өмнө нь буюу 2020 оны тавдугаар сард тус компанийн онгоц Пакистаны Карачи хотын Жинна олон улсын нисэх буудлын ойролцоо орон сууцны хороолол дээр унаж осолдсон юм. Ослыг нисгэгчийн алдаанаас болсон гэж үзсэн бөгөөд шалгалтаар тус улсын 860 нисгэгчээс 262 нь, тэр дундаа уг компанийн 150 нисгэгч хуурамч лицензтэй байсан нь тогтоогдож, үүний хариуд АНУ болон Европын орнууд тус улсаас нислэг хүлээж авахаа зогсоосон юм. Харин Европын Нисэхийн Аюулгүй Байдлын Агентлаг (EASA) өнгөрсөн оны арваннэгдүгээр сард хоригоо цуцалж, Пакистаны Иргэний нисэхийн албанд итгэл хүлээлгэсэн билээ. Гэсэн хэдий ч Их Британи болон АНУ тус компанийн нислэгийг хориглосон хэвээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.