images

Монгол, Туркийн тэргүүн хатагтай нар ямар ажил амжуулав?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-17


   Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Турк улсад энэ сарын 15-19-ний хооронд айлчилж байгаа билээ. Туркийн тэргүүн хатагтай Эмине Эрдоган өчигдөр Анкара хотноо Монгол улсын тэргүүн хатагтай Л.Болорцэцэгийг хүлээн авч уулзсан байна. Уулзалтын үеэр Л.Болорцэцэг “Global Zero Waste Declaration of Goodwill” тунхагт гарын үсэг зурав. Учир нь, тус улс 2017 онд Э.Эрдоганы ивээл дор тогтвортой хөгжлийн зарчмыг баримтлан хог хаягдлыг зохицуулах, хүрээлэн буй орчноо хамгаалах ухамсрыг нэмэгдүүлэх зорилготой “Тэг хаягдал” төсөл хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2035 он гэхэд дахин боловсруулах хог хаягдлын 60 хувийг дахин боловсруулж, эргэх эдийн засгийн дэлхийн жишиг загварыг бүтээх зорилго тавьсан аж. Тиймээс Э.Эрдоган Х платформ дахь хаягаараа дамжуулан Л.Болорцэцэгийг тунхагт нэгдсэнд талархлаа илэрхийлэхдээ "Ногоон ирээдүйн төлөөх амлалт бүр биднийг цэвэр, тогтвортой, амьдрахад таатай ертөнцөд нэг алхам ойртуулдаг” гэжээ.

   Хоёр улсын тэргүүн хатагтайн уулзалт өчигдөр Туркийн Үндэсний номын санд эхэлж тэндхийн монгол номын хэсэгтэй танилцжээ. Энэ үеэр Л.Болорцэцэг Э.Эрдоганд монгол соёлыг харуулсан ном, пянз бэлэглэсэн бол Туркийн тэргүүн хатагтай алдартай зохиолч Ахмед Хамди Танпынар, Мевлана нарын номыг хариу бэлэглэсэн байна. Үүний дараа тэд Насреддин Хожагийн нэрэмжит Хүүхдийн номын сан, Ерөнхийлөгчийн нэрэмжит Хүүхдийн асрах газарт зочилжээ. Улмаар тус улсын Аж үйлдвэр, технологийн яамны зохион байгуулж буй үзэсгэлэнг үзээд турк үндэсний хувцас хэрэглэлийн хээ, даавууны талаар мэдээлэл авч, дараа нь турк кофе ууцгаасан байна. 

Насреддин Хожагийн нэрэмжит Хүүхдийн номын санд.

Эх сурвалж: "Anadolu" агентлаг болон "8sutun" сонин.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.