images

Франц: Цагаачдад найр тавьсан театр дүрвэгсдийн хуаран болжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-17


   Францын алдартай том театр хууль бус цагаачдад үүд хаалгаа нээн, үнэ төлбөргүй лекц уншсаны хариуд бүхэлдээ цагаачдын хоргодох байр болж өдөр тутмын үйл ажиллагаа нь тасалдаад байна. “Le Figaro” сонины мэдээлснээр, Парис хотын төв дэх "Gete Lyrique" театрт өнгөрсөн сарын 10-наас хойш байрлаж буй хууль бус цагаачдын тоо 300-д хүрчээ. Учир нь театрын удирдлагууд тэр өдөр дүрвэгсдийг хүн ёсоор хүлээн авах тухай үнэ төлбөргүй лекцийг цагаачдад зориулан уншиж, хүмүүнлэгийн бусад арга хэмжээ зохион байгуулсан юм. Энэ лекцэн дээр 200 гаруй цагаач байлцжээ. Гэтэл лекц дууссан ч тэд театраас яваагүйгээр үл барам хүмүүс нэмэгдэж ирсээр театрыг бүхэлд нь эзэгнэжээ. Дүрвэгсдийн төлөөлөл сонины сурвалжлагчийн асуултад "Энэ бол бидний орон гэр биш. Гэхдээ бидэнд толгой хоргодох газар хэрэгтэй байна. Бид өөр хаашаа явах вэ?” хэмээн хариу асуужээ. Тэнд асран хамгаалагчгүй бага насны хүүхдүүд ч олон байгаа аж. Эцэст нь тэдний төлөө хүнлэг сэтгэл гаргасан театрын удирдлагууд эвгүй байдалд ороод байна. Дүн өвлийн хүйтнээр тэднийг хөөж зүрхлэхгүй байгаа ч театрт болох байсан бүх арга хэмжээ цуцлагдаж, санхүүгийн ихээхэн хохирол амсах болжээ. Тэднийг орон байраар хангах ёстой газар нь Парис хотын захиргаа гэж театрын удирдлага үзэж байгаа ч нийслэлийн зүгээс одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Театрын ойролцоох худалдааны байгууллагууд ч хүнд байдалд оржээ. Тэндхийн нэгэн рестораны менежер, дүрвэгсэд байрлаж эхэлснээс хойш захиалга 80 хувиар буурч, санхүүгийн бэрхшээлд ороод байгаа тухайгаа ярьсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.