images

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн төрийн албан хаагчдад зориулсан монгол бичгийн гарын авлага гаргажээ

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2025-01-16


   2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль болон “Үндэсний бичгийн хөтөлбөр”-т төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах талаар тусгаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн МОНЦАМЭ агентлаг, МУИС, МУБИС, ШУТИС-ийн багш нар, эрдэмтэн судлаачидтай хамтран төрийн албан хаагчдад зориулсан “Монгол бичгийн гарын авлага” номыг бэлтгэн гаргажээ. Тус гарын авлагыг “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” болон “Төрийн албан хаагчдад зориулсан үндэсний бичгийн сургалтын хөтөлбөр”-ийн дагуу бичиж боловсруулсан байна. Гарын авлагыг үндэсний бичгийн анхан болон дунд түвшний мэдлэгээ бататгах, лавлах хэрэглэгдэхүүн болгон зохиосон бөгөөд цаашид ахисан түвшний гарын авлага, холбогдох ном бүтээлийг цувралаар гаргахаар төлөвлөж байна. Гарын авлагын гол онцлог нь компьютерт үндэсний бичгээр хэрхэн бичих талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, жишээ үгс, дадлага даалгавар, заавар зураг сэлттэй оруулсан ажээ. Агуулга, ашигласан материал, жишээ үгс, дадлага ажил зэрэг нь төрийн албан хаагчдад зориулсан мэт боловч үндэсний бичгийн анхан, дунд шатны мэдлэг эзэмших, эзэмшсэн мэдлэгээ бататгах хүсэлтэй хэн бүхэн үзэж ашиглах боломжтой юм. Уг номын талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор /Sc.D/, дэд профессор Г.Батзаяа хэлэхдээ, монгол бичгийн зөв бичих дүрмийг багцалбал гарын таван хуруунд багтаан ойлгож болох хялбар болохыг онцолжээ. Үүнд үгийн үндсийг зөв бичих, нэр, үйл үгээ сайтар ялгах, нэрийн нөхцөлийг дагуулж бичих, үйл үгийн нөхцөлийг залгаж бичих, гадаад үгийг тусгай үсгээр бичих гэсэн тоймтой таван дүрэм баримтлахад монгол бичгээр алдаагүй зөв бичиж болох тухай зөвлөсөн байна. Гарын авлагыг Төрийн албаны зөвлөлийн вэб хуудсанд цахим хэлбэрээр байршуулсан бөгөөд үнэ төлбөргүй татан авч болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.