images

Дани хүмүүсийн аз жаргалын индекс өндөр байдгийн нууц юу вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-16


   Дани улсад хүн амын дөнгөж нэг хувь нь долоо хоногт 50-иас дээш цаг ажилладаг бөгөөд хүмүүсийн ажил, амралтын тэнцвэртэй байдлын нууц нь ажлын байрны ардчилсан соёл, нийгмийн халамжийн сайн тогтолцоотой холбоотой гэж үздэг аж. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын (OECD) гаргасан судалгаагаар тус улсын хүн амын дөнгөж 1.1 хувь нь долоо хоногт 50-иас дээш цаг ажилладаг бөгөөд энэ нь дэлхийн дундаж болох 10 хувиас хамаагүй бага, АНУ (10.4%), Их Британи (10.8%) зэрэг бусад өндөр хөгжилтэй орнуудаас хамаагүй доогуур үзүүлэлт ажээ. Ажил, амьдралын тэнцвэртэй байдлыг хангадаг Данийн ажилчин анги мөн ажлын цагаараа сэтгэл ханамж өндөр байдаг гэнэ. Тус улсын Аз жаргалын хүрээлэнгийн захирал Мэйк Викинг дани хүмүүсийн ажлын байрны сэтгэл ханамж, удирдлага, менежерүүдийн ажилтнууддаа итгэдэг ажлын байрны ардчилсан соёлыг онцолжээ. Тэрбээр жишээ болгон Копенгаген хот дахь Тиволи цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтнуудын дунд ашигладаг "three-metre rule” буюу гурван метрийн дүрмийг иш татсан байна. Ажилчдын хариуцлага, бие даасан байдлыг баталгаажуулсан энэхүү зарчим нь ажилтан бүр өөрөөсөө гурван метрийн дотор болж буй бүх зүйлийг хянаж, удирдаж чаддаг гэсэн үг юм. Мөн Копенгаген дахь технологийн компанид ажилладаг Габриэль Хосс Данийн ажлын байрны соёлд итгэх итгэлийн хүчин зүйлийг онцлохдоо "Хэн ч таныг хянахгүй, захирахгүй. Удирдлага таныг хариуцсан ажлаа хугацаандаа хийж дуусгасан уу гэдгийг л анхаарна. Өдөрт таны хэдэн цаг ажиллаж байгаа хэнд ч хамаагүй” гэжээ. Дани улсын нийгмийн халамжийн тогтолцоо хүчтэй байдаг нь ажилдаа сэтгэл ханамж өндөр байгаагийн гол шалтгаан гэж үздэг. Ажил хийдэг эцэг эхэд зургаан сарын цалинтай жирэмсний болон хүүхэд асрах чөлөө олгодог бөгөөд бүтцийн өөрчлөлт болон бусад шалтгаанаар ажилгүй болсон тохиолдолд төрөөс тэтгэлэг олгоно. Даничууд сугалаагаар их мөнгө хожсон байсан ч ажлаа хийсээр байх сонирхолтой байдаг. Америкийн хүний ​​нөөцийн мэргэжилтэн Саманта Саксби дэлхий даяар олон компани дани маягийн халамжийн тогтолцоог нэвтрүүлж, АНУ тэргүүтэй улс орнууд Дани зэрэг аз жаргалын индекс өндөртэй орнуудын туршлагыг дагаж байгааг дурджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.