АНУ: “Getty” урлагийн музей түймрээс хэрхэн хохиролгүй гарав?
Анд нөхдийн мэдээ
2025-01-16
АНУ-ын Калифорниа мужид дэгдсэн түймэрт дэлхийд алдартай “Getty” урлагийн музей өртсөн ч музейн захиргаа яаралтай хариу арга хэмжээ авснаар МЭӨ 6500-аас МЭ 400 он хүртэлх Ром, Грекийн үеийн 44 мянга гаруй олдвор, үзмэрийг гэмтээж үрэгдүүлэлгүй хамгаалж чаджээ. “Wall Street Journal” сэтгүүлийн мэдээлснээр, 7-ны өдөр түймэр дэгдэх үед галын дөл музейн зүүн талд 1.8 метр хүртэл ойртож, өдрийн 14:40 цагийн орчимд музейн байран дахь рестораны арын хана руу гал тархаж, 15:15 цагийн үед гадаа байрлах сонгодог театрын дэргэдэх бутанд гал авалцах зэргээр түймрийн аюул юу юугүй нөмөрч ирсэн ч музейн ажилтнууд тухай бүрд шуурхай ажиллан унтрааж байсан аж. Гол нь музейн захиргаа түймэр тархахаас өмнө шуурхай арга хэмжээ авч, Шуурхай ажиллагааны төвийг байнгын бэлэн байдалд ажиллуулсан байна. Түүнээс гадна музей өнгөрсөн жил гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хогийн ургамлыг цэвэрлэж, түймэрт өртөмтгий ногоон байгууламжийг цэгцэлж, модны халхавчийг газраас өндөрт байлгах зэрэг арга хэмжээг авч, түймэр гарсан өдрийн өглөө орчин тойрны бүх талбайг усалжээ. Улмаар утаа оруулахгүйн тулд музейн хаалгыг зориулалтын дагуу битүүмжилж, шуурхай удирдлагын баг бүрдүүлэн нөхцөл байдлыг бодит цаг хугацаанд хянаж, ажилтнууд 24 цагаар ээлжлэн ажиллаж байсан байна. Олон нийтийн сүлжээгээр яригдаад байгаа “Getty Villa” самбарын хажууд шатаж буй барилга нь тус музейтэй огт хамаагүй “Villa de Leon” нэртэй байгууламж ажээ. 1974 онд архитекторч Ричард Майерийн зургаар баригдсан тус музейн барилга анхнаасаа гал түймрээс урьдчилан сэргийлэх стандартыг сайтар хангасан байна. Тухайлбал, галд тэсвэртэй бетон хана, металл хавтан дээвэр, ус шүрших системээр тоноглогдсон, гал гарсан тохиолдолд хэрэглэх нэг сая галлон (ойролцоогоор 3,79 сая литр) усны нөөц савтай. Ус шүршигч систем нь хотын усны шугамд холбогдсон бөгөөд түймрийн дохио өгсөн тохиолдолд шууд ажиллаж эхэлдэг аж. Музейн үзвэрийн танхим тус бүр ус шүрших төхөөрөмжтэй, агаар цэвэршүүлэх системийн нүхээр утаа, оч орохооргүй хамгаалалттай гэнэ. Эдгээр давуу тал, удирдлагын зөв, оновчтой бодлогын үр дүнд музей их түймрийг онцын хохиролгүй даван гарчээ. Орчны түймэр, утаанаас шалтгаалан музейг түр хаагаад байгаа бөгөөд 21-ний өдрөөс хэвийн ажиллах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.