Шинжааны Алтайд болсон өвлийн наадамд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн тамирчид оролцов
Шинжаан-Уйгурын өөртөө засах орны Алтай хотод Алтайн нурууны өвлийн спортын хоёрдугаар наадам энэ сарын 10-15-ны өдрүүдэд боллоо. Наадамд Алтайн нурууг тойрсон Монгол, Казахстан, Орос, Хятад улсын 170 тамирчин уран гулгалт, тэшүүр, уулын болон гүйлтийн цана зэрэг өвлийн долоон спортын 37 уралдаанд өрсөлдсөн байна. Монгол улсаас наадамд Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 34 тамирчин, дасгалжуулагч оролцжээ. Аймаг тус бүрийн ЗДТГ нь тамирчдынхаа замын зардалд тусалсан бөгөөд жишээ нь, Ховд аймгийн Жаргалант сумын ЗДТГ тамирчдаа 7.5 сая төгрөгөөр дэмжжээ. Оросын Бүгд найрамдах Алтай болон Тува улс, Алтайн хязгаар, Казахстаны Алтай хот, Хятадын Алтай тойрог, Жилинь мужийнхан наадамд мөн оролцсон байна. Монгол, Орос, Хятад, Казахстан улсыг дамнан 2000 км үргэлжилдэг Алтайн нурууны өмнөд хэсэг нь Шинжааны Алтайд байх бөгөөд цасны чанар, хатуулаг, хэмжээ, агаарын хэм, салхи, чийглэг зэрэг нь өвлийн спортын наадам зохион байгуулахад туйлын тохиромжтой байдаг аж. Өнгөрөгч 2024 оны нэгдүгээр сард мөн хотод анхдугаар наадмыг зохион байгуулсан юм. Тэгэхэд эдгээр дөрвөн улсын 155 тамирчин спортын долоон төрлийн 37 уралдаанд оролцсон билээ. Хятад улс Алтай хотод өвлийн спортыг хөгжүүлэхийн тулд сүүлийн жилүүдэд долоон тэрбум юанийн хөрөнгө оруулж есөн цанын бааз байгуулсан юм.
Нүүр зурагт: Ховд аймгийн тэшүүрчид.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.