images

Норвеги: Нислэгийн үеэр бага насны хүүхдийн дэргэд эрэгтэй хүн сууж болох уу?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-16


   Норвегийн хүний эрхийг байгууллага нислэгийн үеэр харгалзах хүнгүй хүүхдийн дэргэд эрэгтэй зорчигч суулгахыг хориглосон агаарын тээврийн компанийн журмыг ялгаварлан гадуурхсан үйлдэл гэж үзжээ. AFP агентлагийн мэдээлснээр, тус улсын Ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх газар ​​"Air France" компанийн эсрэг гаргасан Доминик Сельэ хэмээх иргэний гомдлыг хянан хэлэлцээд ийм шийдвэр гаргасан байна. Тухайн иргэний гомдол гаргах болсон шалтгаан нь 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Осло-Парис чиглэлийн ​​"Air France" компанийн онгоцонд болсон явдлаас эхтэй аж. Тухайн үед Д.Сельэ асран хамгаалагчгүй явж байсан хоёр хүүхдийн хажууд суудал таарчээ. Гэтэл онгоцны үйлчлэгч нисэхээсээ өмнө түүнд агаарын тээврийн компанийн журмыг танилцуулж, өөр эмэгтэй зорчигчтой суудлаа солихыг хүссэн байна. Энэ тухайд тэрбээр "Надад маш эвгүй байсан. Зорчигчид намайг сэжигтэй харж, би огт гэмгүй мөртлөө  гэм хийсэн мэт гөлөлзөж байлаа” гэжээ. Тус компанийн журам ёсоор нислэгийн үед асран хамгаалагчгүй бага насны хүүхдийг эмэгтэй хүний ​​хажууд суулгах ёстой аж. Энэ журмын талаар “Air France”-ын төлөөний хүн хэлэхдээ “Бэлгийн хүчирхийллийн сэжигтнүүдийн 97 хувь нь эрэгтэйчүүд байдаг гэсэн судалгаанд үндэслэсэн" гэжээ. Улмаар асран хамгаалагчгүй бага насны хүүхэд хүн худалдаалах гэмт хэрэг болон бусад хэлбэрийн хүчирхийлэл, халдлагын золиос болохоос сэргийлж ийм журам гаргаснаа тайлбарласан байна. Харин Д.Сельэ "Эрэгтэй хүн болж төрснийхөө төлөө яагаад ийм гадуурхалд өртөх ёстой юм бэ?” гэсэн асуулт тавьж гомдол гаргасан бөгөөд Норвегийн Ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх газар түүний талд шийдвэр гаргажээ. Тэрбээр одоогоор ямар нэгэн нөхөн төлбөр аваагүй байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.