Монгол улсын ерөнхийлөгч Турк улсад 21 жилийн дараа айлчилж байна
Чихэнд чимэгтэй
2025-01-15
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы урилгаар тус улсад айлчлахаар өнөөдөр өглөө мордлоо. Турк улсад 2004 онд ерөнхийлөгч Н.Багабанди айлчилснаас хойш 21 жилийн дараа Монгол улсын ерөнхийлөгч төрийн дээд түвшний айлчлал хийж байгаа нь энэ юм. Харин Р.Эрдоган ерөнхий сайд байхдаа 2013 онд манай улсад айлчилж байв. Түүнчлэн хоёр улсын ерөнхийлөгч 2024 оны долоодугаар сард Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр биечлэн уулзаж өнөөдрийн өндөр түвшний айлчлалын тухайд санал нэгдсэн билээ. Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хийж буй энэ айлчлал 15-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд хоёр улсын ерөнхийлөгч ганцаарчлан уулзахын зэрэгцээ албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл өгнө. Мөн “Боловсролын салбарт хамтран ажиллах тухай”, “Залуучууд, спортын салбарт хамтран ажиллах тухай”, “Эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээр, байгаль орчин, уул уурхай, зам тээвэр, дэд бүтэц, ойн аж ахуй, хууль эрх зүйн салбарт хамтран ажиллах тухай арваад баримт бичигт гарын үсэг зурах ажээ.
Улаанбаатарт Туркийн Элчин сайдын яам 1996, Анкарад Монголын Элчин сайдын яам 1997 онд байгуулагдсан юм. Сонирхуулахад, 1992 онд Монголын Гадаад харилцааны сайд Ц.Гомбосүрэн анх Туркэд айлчилсан бол нөгөө талын Гадаад харилцааны сайдын түвшний анхны айлчлал 2015 онд Улаанбаатарт болжээ. Түүнээс хойш 2023 оны гуравдугаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Истанбулд айлчилсан юм. Өдгөө Туркэд Монголын 6000 гаруй иргэн оршин сууж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.