Финланд улсын хэвлэл мэдээллийн боловсролын бодлого ямар үр дүн өгөв?
Анд нөхдийн мэдээ
2024-12-26
Финланд улс хүүхдүүдэд бага наснаас нь эхлэн цахим орчин дахь хуурамч мэдээллийг таних, хандах талаар боловсрол олгож, эерэг сайн үр дүн гарсны жишээг AFP агентлаг онцоллоо. Тус улс 2013 онд хэвлэл мэдээллийн боловсролыг үндэсний боловсролын бодлого болгосон Европын анхны улс болж байв. 2019 онд шинэчлэгдсэн энэхүү бодлого нь бага сургуулиас ахлах сургууль хүртэлх бүх сургалтын хөтөлбөрт хэвлэл мэдээллийн боловсрол олгохыг хуульчилсан байна. Мөн үүнээс гадна төрийн бус байгууллага, номын сан, музей зэрэг байгууллагууд насанд хүрэгчид болон ахмад настнуудад зориулсан боловсролын сургалтууд явуулдаг ажээ. Сургалтын гол зорилго нь амьдралынхаа туршид төрөл бүрийн мэдээллийн хэрэгслээр авч буй мэдээллээ уншиж ойлгох, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшүүлэх явдал аж. Өөрөөр хэлбэл худал, хуурамч мэдээллийг жинхэнээс ялгаж сурах, тунгааж ойлгох, аливаа мэдээллийн агуулгад шүүмжлэлтэй хандах чадварыг хөгжүүлэх зорилготой болохыг тус агентлаг онцолжээ. Энэ бодлого эерэг үр дүн өгч тус улс сүүлийн зургаан жил дараалан Европын 41 орныг хамарсан "Хэвлэл мэдээллийн боловсролын индекс"-т нэгдүгээрт жагссан байна. Бусад оронтой харьцуулахад Финландын иргэдийн хэвлэл мэдээлэл, нийгмийн байгууллагуудад итгэх итгэл харьцангуй өндөр байсан нь дээрх бодлогын үр дүн юм. Тус улсын хэвлэл мэдээллийн боловсролын бодлогыг хянадаг Үндэсний аудиовизуал хүрээлэнгийн захирал Лео Пеккала хэлэхдээ "Финландын ард түмэн цэрэг, цагдаа, засгийн газартаа итгэдэг хэвээр байгаа" гэжээ. Харин сүүлийн үед тус улсад Оросоос эх сурвалжтай худал мэдээлэл нэлээд тархах болсон ч иргэд үүнд илүү бэлтгэлтэй, хуурамч мэдээлэлд төдийлөн автахгүй байгааг AFP агентлаг онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.