Марк Цукерберг түнжингүй байсан Д.Трампад нэг сая доллар хандивлав
Анд нөхдийн мэдээ
2024-12-13
“Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг таагүй харилцаатай байсан Дональд Трампын тангараг өргөх ёслолын санд 1 сая доллар хандивласан тухай “The Wall Street Journal” сонин мэдээлэв. М.Цукерберг сонгуулийн дараахан Д.Трамптай оройн зоог барихдаа, ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хандив өргөхөө мэдэгдсэн аж. Зоогт түүнээс гадна Цагаан ордны шинэ засаг захиргааны гишүүд буюу Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшсэн Марко Рубио, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргад нэр дэвшсэн Жэймс Блэйр нар байлцсан бөгөөд М.Цукерберг энэ үеэр “Meta”-гийн "Ray-Ban" ухаалаг нүдний шилийг Д.Трампад сонирхуулсан юм. Түүний энэ алхам нь Д.Трамптай харилцаагаа сайжруулахын тулд хийсэн үйлдэл хэмээн тус сонин онцолсон бөгөөд тэд сүүлийн жилүүдэд хоорондоо илтээр зөрчилдөх болсон юм. Тухайлбал 2017 онд Д.Трампыг цагаачдын болон дүрвэгсдийн хяналтыг чангатгах бодлогоо зарлахад М.Цукерберг Фэйсбүүк хуудсандаа хатуу шүүмжилж байв. Мөн 2020 онд Д.Трампыг дэмжигчид ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг эсэргүүцэж үймээн дэгдээсний дараа “Meta” платформ Д.Трампын "Фэйсбүүк", "Инстаграм" хаягийг хааж байсан юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгуульд нөлөөлж, өөрийг нь таагүй байдалд оруулвал шийтгэл хүлээлгэнэ хэмээн анхааруулж байсан Д.Трампыг ялалт байгуулсны дараа технологийн аварга компаниудын эзэд шинэ засаг захиргааны эвийг олохоор хичээж байна гэж WSJ тайлбарлажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.