Найзыгаа авраад өөрөө осолдсон монгол залууд Японы төр хүндэтгэл үзүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-12-10
Япон улсын ерөнхий сайд Ишиба Шигэрү, Нийтийг аюулаас хамгаалах үндэсний хороо, Цагдаагийн ерөнхий газар, Токио хотын Цагдаагийн газрын удирдлага, албаны бусад хүмүүс 2024 онд ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан цагдаагийн ажилтнууд болон тэдний ажилд тусалж яваад эндсэн 11 хүний алдрыг мөнхжүүлэх хүндэтгэлийн ёслол хийлээ. Ёслолын үеэр, бусдын төлөө амиа өгсөн 11 хүний нэг, тус улсад ур чадварын дадлагажигчаар ажиллаж байсан Монгол улсын иргэн А.Төгс-Эрдэнэд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр өнгөрөгч зургаадугаар сарын 23-ны өдөр Канагава мужийн Сагамихара хотын Сагами голын усанд унасан найзыгаа авраад амиа алджээ. Түүний алдрыг мөнхжүүлэх ёслолд талийгаачийн эцэг, эх, эхнэр, 3, 4 настай хоёр охин, төрсөн ах нь оролцлоо. Ёслолын үеэр ерөнхий сайд И.Шигэрү Япон улсын төрийг төлөөлөн гашуудлын үг хэлж, удтал мэхийн ёсолж хүндэтгэл үзүүлсэн талаар тус улсад суугаа Монгол улсын Элчин сайдын яам мэдээлэв. Мөн А.Төгс-Эрдэнийн ар гэрийнхэнд хуулийн дагуу Япон улсын Засгийн газраас тэтгэмж олгохоор болсон байна. Японы Цагдаагийн ерөнхий газрын хашаанд байх дурсгалын цогцолборт 1958 оноос өнөөг хүртэлх хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаад амиа алдсан 5626 цагдаагийн ажилтан, тэдний ажилд туслаж яваад эндсэн 655 иргэнд зориулан босгосон хөшөө байдаг ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.