images

Японы зартай террорист эрийн намтраар кино хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-12-10


   Японы хэт зүүний бүлэглэлийн гишүүн, олон удаа террорист халдлага үйлдэн эрэн сурвалжлагдаж байгаад өнгөрсөн жил өөд болсон Сатоши Киришимагийн амьдралаар кино хийжээ. “The Escape” нэртэй уг киног С.Киришимагийн нэгэн адил хэргээр цагдаад шалгагдаж байсан Масао Адачи найруулсан бөгөөд киног ирэх оны гуравдугаар сард Японы бүх кино театрт нэгэн зэрэг гаргахаар төлөвлөж байгаа аж. 1954 онд Хирошима мужид төрсөн С.Киришима 1972 онд Токиогийн Мэйжи Гакуины их сургуулийн хуулийн ангид суралцаж байхдаа хэт зүүний террорист бүлэглэл болох “Японы эсрэг Зүүн Азийн зэвсэгт бүлэг”-т элссэн байна. Энэ бүлэглэл 1974-1975 оны хооронд Японы томоохон компаниудын төв байр, үйлдвэрүүдэд есөн удаа тэсрэх бөмбөг тавьж “Бид Японы империалист түрэмгийлэл, колоничлолыг дэмжиж ирсэн дайны гэмт хэрэгтнүүдийг шийтгэнэ” хэмээн мэдэгдэж байжээ. С.Киришимаг 1975 оны дөрөвдүгээр сард Токиогийн Гинза дүүрэг дэх Аж үйлдвэр, худалдааны хүрээлэнгийн байранд халдлага үйлдсэн хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж эхэлсэн юм. Бүлгийн бусад гишүүд 1975 онд баривчлагдсан ч С.Киришима ганцаараа баригдалгүй бараг 50 жил нуугдаж чаджээ. Тэрбээр овог нэрээ Хироши Үчида хэмээн солиод, барилгын компанид ажилд орж бараг хагас зуун жил гэм зэмгүй энгийн хүн мэт амьдарсан байна. Эцэст нь өнгөрсөн нэгдүгээр сард Канагава мужийн эмнэлэгт хэвтсэнийхээ дараа эмнэлгийн ажилтнуудад өөрийгөө хагас зуун жилийн турш эрэн сурвалжлагдсан гэмт хэрэгтэн гэдгээ илчлээд цагдаа нарт бууж өгчээ. Энэ тухайгаа тэрбээр өөрөө тайлбарлахдаа “Хорвоогоос буцахдаа эцсийн удаа жинхэнэ нэрээрээ дуудуулмаар байсан” гэсэн бөгөөд эмнэлэгт хэвтсэнээсээ хойш дөрөв хоногийн дараа өөд болсон байна. “The Escape” кинонд түүний зүсээ хувиргаж амьдарсан он жилүүдийн талаар өгүүлсэн гэнэ. Кино найруулагч М.Адачи нь Японы хамгийн радикал найруулагчдын нэг бөгөөд 1970-аад онд Палестинд очиж, Израилийн эсрэг тэмцэлд оролцож байсан түүхтэй. Тухайн үед тэрбээр Палестиныг хамгаалах олон улсын сайн дурын арми гэж өөрийгөө тунхагладаг Японы "Улаан армийн фракц"-ийн гишүүний хувиар зэвсэгт халдлага үйлдсэн хэргээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байв. Түүнийг 1997 онд Ливанд баривчилж, Япон руу албадан гаргасан юм. Найруулагчийн энэ мэт ээдрээт түүхээс болж уг кино нь террористуудын үйлдлийг зөвтгөж алдаршуулсан байх магадлалтай гэсэн болгоомжлол, шүүмжлэл Японы олон нийтийн дунд өрнөсөөр байна. М.Адачигийн өмнөх бүтээл болох "Revolution+1" кино нь 2022 оны есдүгээр сард ерөнхий сайд Шинзо Абэгийн амь насанд халдсан Тэцүя Ямагамигийн амьдралыг харуулсан бөгөөд гэмт хэрэгтнүүдийг алдаршуулсан гэсэн шүүмжлэлд өртсөнөөр кино театрт гаргахыг хориглосон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.