Өмнөд Солонгос: Онц байдлын үеэр үүрэг гүйцэтгэсэн тусгай ангийн захирагч ам нээв
Анд нөхдийн мэдээ
2024-12-09
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юүн Сок Ёль онц байдал зарлах үед тус улсын Үндэсний ассамблэйн байранд үүрэг гүйцэтгэсэн армийн тусгай ажиллагааны 707 дугаар ангийн алба хаагчдыг уг үүргийг гүйцэтгэснээрээ эх орноосоо урвасан хэмээн буруутгах хандлага Өмнөд Солонгосын олон нийтийн дунд хүчтэй байгаа билээ. Тэгвэл уг ангийн захирагч, хурандаа Ким Хён Тэ өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр Үндэсний ассамблейн байр, чуулганы танхим зэрэг хоёр барилгыг бүслэн хаах тушаал авсан бөгөөд тус байрнуудын бүтэц зохион байгуулалтыг мэдэхгүй учраас “T Map” зам заагч ашигласан гэдгээ юуны өмнө хэлжээ. Улмаар "Над руу тусгай ажиллагааны командлагч Квак Жон Гүн 1-2 минут тутамд утсаар ярьж байсан бөгөөд Үндэсний ассамблейн гишүүдийг 150 хүнээс илүү оруулж болохгүй. Хэтэрсэн тохиолдолд хүч хэрэглэн гаргах хэрэгтэй гэсэн заавар өгч байсан” гэжээ. Тусгай ажиллагаанд оролцсон цэргүүдийн зэвсгийн тухайд нисдэг тэргэнд суусан 8 цэрэг тус бүр 5.56 мм-ийн 10 сум, 9 мм-ийн 10 сумтай, мөн сургуулилалтын гранат нэг хайрцаг байсан тухай мэдээлсэн байна. Онц байдал зарласан үед хэрхэн ажиллах талаар мэдлэг хомс байсан тул хурандаа дээрээс ирсэн зааврын дагуу ажилласан гэдгээ хэлээд, энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа илэрхийлж, удирдлагадаа ажиллаж байсан цэргүүдийг эх орноосоо урвах үйлдэлд татан оруулсандаа хүлцэл өчсөн байна. Эцэст нь тэрбээр “Батлан хамгаалахын сайд Ким Ён Хёны хууль бус тушаалыг биелүүлсэн 707 дугаар ангийнхан эх орноосоо урваагүй, харин бусдад ашиглагдсан хохирогчид” гэжээ. Харин өөрөө Онц байдлын тухай хуулийн мэдлэггүйн улмаас ангийн бие бүрэлдэхүүнээ хууль бус үйлдэлд татан оролцуулсандаа гүнээ харамсаж буйгаа илэрхийлж, албан тушаалаасаа буугаад зогсохгүй хуулийн ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.