Украины Гадаад хэргийн сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайдыг эсэргүүцэж хурал хаяв
Анд нөхдийн мэдээ
2024-12-09
Мальтад болсон Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын сайд нарын уулзалтын үеэр Украины Гадаад хэргийн сайд Андрей Сыбиха ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг “Дайны гэмт хэрэгтэн” хэмээн шүүмжилж, хуралдааныг орхин гарчээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр, С.Лавровыг үг хэлэх үед Украин, Польш, Эстони улсын Гадаад хэргийн сайд нар босч хурлын танхимаас гарсан байна. А.Сыбиха "Украин улс оршин тогтнох эрхийнхээ төлөө тэмцэж байна. Энд байгаа Оросын дайны гэмт хэрэгтэн үүнийг мэдэж байх ёстой. Украин амжилтанд хүрч, шударга ёс ялах болно" гэх зэрэг үгсийг хэлж эсэргүүцлээ илэрхийлжээ. Харин С.Лавров хэлсэн үгэндээ "Хүйтэн дайныг сэргээж, Оростой шууд зөрчилдөөнийг өдөөсөн" хэмээн Барууны орнуудыг буруутгав. Үүний дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкэн хэлсэн үгэндээ, бүс нутгийн хурцадмал байдал бий болсонд ОХУ хариуцлага хүлээх ёстойг онцолж, Хойд Солонгосын цэргийг Европт байршуулсан, дунд тусгалын баллистик пуужин ашигласан, Украины эрчим хүчний дэд бүтцэд халдсан зэрэг асуудлыг дурджээ. Мальтагийн уулзалт эхлэхээс ч өмнө ОХУ-ыг эсэргүүцсэн байр суурийг хэд хэдэн орон илэрхийлсэн билээ. Эстони, Латви, Литва зэрэг Балтийн гурван орон Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтад багтсан С.Лавров болон ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова нарыг энэ уулзалтад урьсан явдлыг эхнээс нь эсэргүүцсэн юм. Эцэст нь М.Захаровагийн визийг цуцалсан тул Мальтад ирэх боломжгүй болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.