10 баримт: Уран нугараач Б.Норовсамбуу
10 баримт
2024-11-27
Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Б.Норовсамбууд өчигдөр Монгол улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Түүний талаарх 10 баримтыг хүргэж байна.
1. Уран нугараач Б.Норовсамбуу нь Завхан аймгийн Сантмаргац сумын харьяат бөгөөд 1958 онд хоёрдугаар ангиа төгсөөд Улсын циркийн урилгаар 9 настайдаа Улаанбаатар хотод иржээ.
2. Тэрбээр Нийслэлийн тавдугаар сургуульд суралцангаа Улсын циркийн уран нугараач Т.Цэнд-Аюушт шавь орж хичээллэн, 10 настайдаа буюу 1959 оны шинэ жилийн орой анх тайзан дээр нугарчээ.
3. Улмаар уран нугаралтын техник, ур чадвараа нэмэгдүүлэх, шинэ үзүүлбэр гаргах зэргээр шаргуу хөдөлмөрлөсөөр 1966 онд 17 настайдаа буюу төгсөх ангийн сурагч байхдаа Гавьяат жүжигчин цол хүртсэн юм.
4. Тэрбээр багшийнхаа цоо шинээр дэглэн найруулж өгсөн "Цэцгэн дээрх эрвээхэй" үзүүлбэрээр Гавьяат цол хүртсэн аж.
5. Гавьяат жүжигчин цол хүртсэн жилээ дунд сургуулиа төгсөөд, МУИС-ийн англи хэлний орчуулагчийн ангид элсжээ. Оюутан байх хугацаандаа мэргэжлийн дадлагаа МОНЦАМЭ агентлагт хийсэн байна. Их сургуулиа төгсөөд Ардын Их Хуралд орчуулагчаар хуваарилагдсан боловч тогтмол суугаа ажил тохирохгүй байсан тул Соёлын яаманд ажиллах хүсэлт тавьсанд Улсын циркт жүжигчнээр томилжээ.
6. Монголын циркийн урлагийн хөгжлийн 79 жилийн 62 нь Б.Норовсамбуутай салшгүй холбоотой. Энэ хугацаандаа тэрбээр дэлхийн 45 орны 100 орчим хотоор явж уран бүтээлээ толилуулсан юм.
7. Тэрбээр Ардын хувьсгалын 40 жилийн ойгоор тэнцвэрт нугаралтын үзүүлбэрийг анх удаа толилуулжээ. Үүгээр ч зогсохгүй, олсон дээр гимнастик үзүүлсэн Монголын анхны эмэгтэй жүжигчин, цагираган дээр нугарсан анхны циркийн жүжигчин болсон түүхтэй.
8. 1967 онд "Уран нугараач Норовсамбуу” нэртэй баримтат киног найруулагч Б.Дашдорж, Ц.Зандраа, оператор Г.Цэрэн, Ж.Амаржаргал нар бүтээж байв.
9. Алдарт уран нугараач Т.Цэнд-Аюушийн хамгийн отгон шавь нь СТА Э.Лхагва-Очир бол анхных нь Б.Норовсамбуу ажээ.
10. Эдүгээ 76 настай Б.Норовсамбуу “Хүн сарнай” уран нугаралтын төвийг хичээллүүлэн хүүхдүүдэд уран нугаралтын техник, ур чадвараасаа заан сургаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.