images

"Чимээгүй хотын жолооч" кино Таллины кино наадмын "Гран при" шагналыг хүртлээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-11-25


   Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзулын зохиолоор бүтээсэн “Чимээгүй хотын жолооч” кино 28 дахь удаагийн “Tallinn Black Nights” кино наадмын шилдгийн шилдэг шагналыг хүртлээ. Тодруулбал, киноны найруулагч Ж.Сэнгэдорж үндсэн уралдаант хэсгийн шилдэг кинонд олгодог "Гран при" шагналыг авсан бол “Шилдэг продакшн дизайн” шагналыг зураач Ш.Мөнхбат хүртжээ. 14 жил шоронд суугаад гарсан 32 настай жолоочийн амьдралыг үзүүлэх “Чимээгүй хотын жолооч” киног наадмын шүүгчид өвөрмөц хэв маягаар бүтсэн “Монголын хар түүх” гэж дүгнэжээ. “Tallinn Black Nights” нь Эстони улсын нийслэл Таллин хотноо болдог, Олон улсын продюсеруудын холбооноос итгэмжлэгдсэн дэлхийн шилдэг 15 кино наадмын нэг юм. Энэ наадмын дэлгэцнээ дэлхийн нээлтээ хийсэн “Чимээгүй хотын жолооч” кино үндсэн уралдаант хэсгийн сүүлийн шалгаруулалтад 12 орны уран бүтээлтэй өрсөлджээ. Харин нийт дүнгээрээ 80 орны 280 уран сайхны кино өрсөлдөж, наадмын өдрүүдэд 60 орны 1500 гаруй уран бүтээлч, сэтгүүлч, кино шүүмжлэгч цугларсан бол кино театрын дэлгэцнээ гарсан 800 үзвэрийг 150 мянган хүн үзсэн байна. "Чимээгүй хотын жолооч" кино 97 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолд Монгол улсаа төлөөлөн оролцохоор "Баавгай болохсон" кинотой өрсөлдсөн ч зохиолч Т.Номуунзул Монголын кино урлагийн зөвлөлийн гишүүн учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн шалтгаанаар хасагдсан билээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.