2645 литр хөхний сүү бусдад хандивлан Гиннесийн амжилт эвджээ
Анд нөхдийн мэдээ
2024-11-18
АНУ-ын иргэн Алис Оглэтри 2023 оны долоодугаар сараас хойш 2645.58 литр сүү Хойд Техасын эхийн сүүний банканд хандивлаж Гиннесийн амжилт тогтоолоо. Тэрбээр 2014 онд 1569.79 литр сүү хандивлаж мөн л дээд амжилт тогтоосон аж. Гэхдээ түүний дотнын найзын хэлснээр А.Оглэтри дээрхээс ч ихийг хандивлажээ. Гиннесийн дээд амжилтын албан ёсны сайтад өгсөн ярилцлагадаа А.Оглэтри ойролцоогоор 37 мянган хүүхэд, эцэг эхчүүдэд тусалсан гэсэн байна. Тэрбээр 2010 онд ууган хүүгээ төрүүлснээс хойш төрөх болгондоо сүүгээ хандивлаж байгаа юм. Ууган хүүгээ төрүүлээд эмнэлэгт байх хугацаандаа сувилагчийн хөргөгчийг сүүгээрээ дүүргэсэн бүсгүйд, сүүгээ бусдад хандивлаж болдгийг сувилагч хэлснээр энэ тухай анх мэдсэн байна. Тэрбээр ийм аргаар бусдад тусалж буйдаа маш их баяртай байдаг аж. Тиймээс хоёр дахь хүүхдээ олчихоод, дахиад сүүгээ хандивлах боломжтой болох нь хэмээн ихэд баярласнаа хэвлэлд ярьжээ. Мөн тухайн үед хөхний сүүгээ хандивлаад Гиннесийн дээд амжилт эвдсэн бүсгүйн тухай нийтлэл олж уншаад ахиад гурван сар сүүгээ хандивлавал тэр амжилтыг эвдэж чадна гэж тооцоолжээ. Ингээд хоёр дахь хүүхдээ төрүүлснийхээ дараа анх удаа Гиннесийн дээд амжилт эвдэх хүсэлтээ гаргаж 2014 онд зорьсондоо хүрчээ. А.Оглэтри амьдралдаа огт өвчин тусаж байгаагүй бөгөөд 3-4 цаг тутамд нэг удаа хөхөө саадаг гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.