images

“Анар” номын дэлгүүрийн эзэн Л.Насандулам: Амбаарт хэвтэж байсан шуудай номноос бизнесээ эхэлсэн

Ж.Ариунгэрэл

Бид ингэж эхэлсэн

2022-11-30


   “Би 1992 онд анхны хүүхдээ төрүүлээд 3 сар 15 хоногтойд нь зургийг нь авахуулсан юм. Гурван жилийн дараа 1995 онд хоёр дахь охиноо төрүүлээд мөн л 3 сар 15 хоногтойд нь зургийг нь авахуулах гэтэл мөнгө байдаггүй. Залуу гэр бүл ч байж, зах зээлийн нийгэмд шилжээд удаагүй ч байж. Нөхөр ажлаасаа цомхотголоор халагдчихсан. Би хүүхэд харах чөлөөтэй, гэртээ. Зураг авахуулах мөнгө үнэндээ байгаагүй.

     Нэг өдөр нөхөр маань мөнгө олж ирэхээр ажил хайгаад гарлаа. Уг нь нүүрсээ бэлдэж өгөөд гардаг юм. Тэр өдөр бэлдээгүй явчихаж. Хоёр хүүхдээ унтуулчихаад сууж байсан би хүүхдүүд унтаж байгаа дээр гээд нүүрсээ бэлдэхээр амбаар луугаа гарсан чинь шуудай дүүрэн юм. Нэгнийх нь ам онгорхой, баахан шинэ номын цав цагаан цаас нүүрстэй холилдоод харагдаж байсан. Дотор сонин оргиод л “Ийм сайхан номыг ингээд нүүрстэй хольчих гэж дээ” гэж бодогдоод, хүүхдээ хараад гэртээ суугааг ч хэлэх үү, өөрөө ч уншья гэж бодоод, хэдэн ном барьж орж ирээд гарчиглаад сууж байтал нөхөр “Ажил олсонгүй ээ” гээд хоосон ороод ирлээ. Тэгэхээр нь “Хүүе ээ, энэ ямар учиртай ном юм бэ? Яагаад ийм их байгаа юм? Хаанаас ирсэн юм бэ?” гэсэн чинь “Хөдөөний дэлгүүр татан буугдаад, үлдэгдэл номнуудаа цаасанд тушаах гээд хотод авчирсан юм билээ. Авдаг газар байдаггүй.  Яаж энэ их ачааг авч явахав, түлэхгүй юу даа” гэхээр нь нүүрсний амбаартаа буулгуулсан” гэдэг байгаа.  Тэгэхээр нь би “Энийг чинь авч яваад зарчихъя л даа. Хуучин ном зараад сууж байдаг хүмүүс байдаг л юм билээ шүү дээ” гээд, маргааш өглөө нь хоёулаа хэдэн номоо үүрээд хүүхдүүдээ тэврээд гарав аа. Чухам шууд зараад, мөнгөтэй болоод хүүхдийнхээ зургийг авахуулчихна гэж төсөөлөөд гэрээс гарч байгаа юм.

     Тэгтэл тэнд ном зарж байсан хүмүүсийн ном хуучин ноорхой, хавтасгүй хэрнээ бид хоёрын номыг авахгүй юм. “Энэ ийм гоё, тийм сайхан” гэж хэлээд ч авахгүй байхаар нь “Тэгвэл хажууд чинь суугаад зарж болох уу?” гэвэл харин “Болно, болно” гэнэ. Бид хоёр хажууд нь хүүхдээ тэвэрч суугаад эхний хоёр номоо нэг ах эгч хоёрт зарчихав. Тэгэнгүүт шууд л өнөөх эхний орлогоороо 40 мянгатын зурагчин дээр хүүхдээ тэвэрч очиж зургийг нь авахуулчихаад би харьж, нөхөр үлдэж, номоо зарсан. Орой нь нөхөр бас хөөрхөн орлоготой, талх хүнсээ аваад ороод ирж байгаа юм. Хагартлаа баярлалаа, ингэж болох юм байна гэж ойлголоо. Ингээд маргаашнаас нь эхлээд л шуударсан даа.

     Хэрвээ тэр үед хуучин номын наймаачид бид хоёрын номыг худалдаж аваад үлдсэн бол бид хоёр тэр үедээ л мөнгөтэй болоод өнгөрөх байв. Зарчихаад л яваад өгөх байсан. Дахиж номтой холбогдож, ахиж зарах тухай бодохгүй, нэг удаагийн орлого болоод л өнгөрөх байв. Энэ бол манай амьдралд эргэлт болж, бизнесийн гарааг маань зөв эхлүүлсэн. Гэгээн сайхнаар мөнгө олох орлогоо болгосон, амьдралынхаа чиг зүгийг олсон гэдэг утгаар ном бол манай амьдралын луужин гэж би хэлэх дуртай”.  

Улсын их дэлгүүрийн дэргэд өргөтгөл хийсэн газар жижигхэн буланд лангуу гарган 500 төгрөгөөр үлгэрийн ном зарж эхэлсэн тэд төд удалгүй “Начин заан” ломбардны дэргэд илүү том зайд лангуутай болж, одоо харин Багшийн дээд сургуулийн дэргэдэх “Сонор трэйд” компанийн байранд номын дэлгүүрээ өргөжүүлж, өнөөдөр “Анар” номын дэлгүүрийг  уншигч, зохиолчид андахаа байжээ.  “Анар” номын дэлгүүр өдгөө 2000 гаруй нэр төрлийн номтой, хөдөө орон нутгийн борлуулагч нарт номоо бөөний үнээр нийлүүлдэг, гар дээрээс борлуулдаг үүргийн худалдаачидтай хамтран ажилладаг онцлогтой. Л.Насандулам нь мөн 5000 гаруй дагагчидтай “Насаагийн номын нөхөд” группийн админ юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.