Эзнээ хошуунаас сансарт нисэх хоёр тасалбар тэр дороо зарагдав
Анд нөхдийн мэдээ
2024-10-31
Хятадын арилжааны сансрын хөлгийн гарааны компани болох “Deep Blue Aerospace” өнгөрөгч сарын 23-нд Өвөр Монголын Алшаа аймгийн Эзнээ хошуун дахь сансрын буудлаас “Nebula-1” шингэн хөдөлгүүрт, дахин ашиглах пуужингийн анхны туршилтын нислэгийг хийсэн билээ. Туршилт эцсийн мөчид амжилттай болж чадаагүй ч энэ сарын 24-нд тус компани 2027 онд “Nebula-1” пуужингаар хөөргөх сансрын аяллын хоёр тасалбарыг “Taobao” цахим худалдааны платформ дээр лайвстрийм хийж худалдсан байна. Тасалбарыг 18-60 настай, эрүүл биетэй хүнд худалдах шалгуур тавьж 1.5 сая юань буюу 210900 доллароор борлуулжээ. Тасалбарыг ямар хүмүүс худалдаж авсныг зарлаагүй бөгөөд үнэ нь Английн “Virgin Galactic” компанийн сансрын аяллаас хоёр дахин хямд байна. Одоогийн байдлаар тэрбумтан Жефф Безосын “Blue Origin”, Илон Маскийн “SpaceX Crew Dragon” компаниас хувь хүмүүст зориулсан сансрын аяллууд амжилттай болоод байгаа билээ.
Хятадын иргэд “Deep Blue Aerospace” компанийн санал болгосон сансрын аяллыг хоёр янзаар хүлээн авчээ. Нэг хэсэг нь ихэд сонирхсон бол нөгөө хэсэг нь аюулгүй байдалд нь санаа зовохоос гадна зөвхөн чинээлэг хүмүүсийн л хийж чадах зүйл гэж шүүмжилсэн аж. Тус компанийн сансрын хөлөг дөрвөн метр өндөр, 3.5 метр диаметртэй, 7.9 тонн жинтэй, эргэн тойрон зургаан цонхтой, дор хаяж 50 удаа дахин ашиглах боломжтой, зургаан хүний багтаамжтай гэнэ. Сансрын аяллын тасалбарын үнийг хямд байлгахад сансрын хөлгийг дахин ашиглах боломжтой байхаар зохион бүтээх нь хамгийн чухал нөлөөтэй юм. 2027 онд болох уг аялалд хамрагдах хүмүүс 100-150 км өндөрт гараад 12 минутын дотор буцаж ирэх ба энэ хугацааны таван минутад нь жингүйднэ.
“Deep Blue Aerospace” компани “Nebula-1” пуужингийн туршилтаа ирэх сарын 24-нд дахин хийхээс гадна 2025 онд мөн ийм туршилтад анхаарал хандуулаад 2026 онд нисгэгчтэй сансрын хөлөг, пуужингийн хосолсон туршилтын нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байгаа аж. “Nebula-1” нь 3.35 метр диаметртэй, 21 метр урт, шингэн буюу керосин, хүчилтөрөгчийн хөдөлгүүрт пуужин юм. Харин Өвөр Монголын Эзнээ хошууны сансрын буудал нь шингэн хөдөлгүүрт пуужин хөөргөх, нисгэх арилжааны туршилтууд хийх зорилготой Хятадын анхны байгууламж билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.