Ганга нуурын ойр орчмын 21 булгийг сэргээнэ
Хөдөөгийн баясгалан
2024-10-23
Усны түвшин нь багасаж, экосистем нь бохирдоод байсан Ганга нуурыг хамгаалах цогц ажлыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлагаар 2019 оноос эхлүүлсэн билээ. Энэ хүрээнд хамгаалалтын ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон молцог элсний ургамлын судалгаа хийж, бэлчээрийн усан хангамжийн 10, ойжуулах талбайн усалгааны гурван худаг гаргасан юм. Мөн нуурыг тойруулан хамгаалалтын 15 км хашаа татаж, гурван га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, найман га талбайд ойн зурвас, хоёр га талбайд мод үржүүлгийн газар байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэ долоо хоногоос хоёрдугаар шатны ажил эхлүүлэхээр болсон байна. Ингэхдээ нуурыг усаар тэжээдэг 21 булгийг байгалийн жамаар нь сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалан, нуурын эргийн чулуужуулах, ойн зурвасыг өргөтгөх, шувууд тольдох цамхаг байгуулахаар болжээ. Сүхбаатар аймгийн Дарьганга суманд байх хээр тал, говь нутгийн зааг дээр оршдог уг нуурын намхархаг газарт цэн тогоруу, хошуу галуу, хонин тоодог, гангар хун, хондон ангир зэрэг нүүдлийн ховор шувууд чуулж, үрждэг. Дашрамд дурдахад, 2020 онд нуурын ус 30-40 см, 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оноосоо 8-12 см-ээр нэмэгдсэн дүгнэлт гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.