images

Г.Өнөболд: Би зундаа 3-5 наадам, намартаа 5-10 найранд ерөөл хэлдэг

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2022-11-29


Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын ерөөлч Ганболдын Өнөболдтой ярилцлаа. Найман наснаасаа гэрийн ерөөл хэлж, 12 наснаасаа морь бөх цоллосон 25 настай залуу ерөөлч урын сандаа 40 гаруй ерөөл, 26 магтаалтай.Тэрбээр хоёр жилийн өмнө МҮОНРТ-ийн нэвтрүүлэгт аймгаа төлөөлж оролцохдоо нутгийнхаа уул, ус бахархалт зүйлсийг оруулж зохиосон 311 шад бүхий магтаал хэлжээ. Магтаал, ерөөл бичихэд өгөгдөл нь байвал хугацаа бага ордог гэнэ. Г.Өнөболд энэ талаар “Би "Нүүдэлчин Монгол 2022" соёлын наадамд оролцохын өмнө театртаа сууж байгаад нэг өдрийн дотор таван ерөөл бичиж бэлдсэн. Гурван өдрийн арга хэмжээний нэг өдөрт гэхэд 4-8 цаг ерөөл, магтаал хэлсэн байна лээ” гэж ярилаа. Ерөөлч залуу урын сандаа 40 гаруй ерөөлтэйгөөс 17-г нь өөрөө зохиожээ. Мөн 26 магтаал бичсэн байна.

-Таны зохиосон Өвөрхангайн магтаал их урт юм. Ийм урт магтаал хэлэхэд амаргүй биз?

- Хүний зохиосон ерөөлийг хэлэхдээ дунд нь гацчихвал хэцүү. Өөрийн зохиосныг хэлж байхдаа мартвал өөр үгээр сольж найруулахад эвтэйхэн. Сэтгэж болдог. Хамгийн гол нь сайн уншиж, түргэн хэллэг тогтмол хэлж, өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Юунд зориулж, ямар ерөөл хэлэх гэж байгаагаа бодож, уншиж судалсаар 40 гаруй ерөөл, 26 магтаалтай болжээ. Гэрийн үүсэл, бэлгэдэл зүйн мөн чанар, үүх түүх, ардын аман зохиол гээд бүгдийг нь заавал судалдаг.

-Ерөөл хэлэхэд юу чухал вэ?

-Нэг амьсгаагаар 24-36 мөр ерөөл хэлдэг. Үг нь ар араасаа уран яруугаар урсаж байвал сонсголонтой. Ерөөлийг хурдан хэр нь уянгалаг эсвэл аажуухан шүлэглэн уншиж болно. Тухайн хүний сэтгэл хөдлөлөөс их хамаардаг. Хүмүүс уухайлж, хурайлаад дэмжихээр бэлгэ дэмбэрлийн үг сэтгэлээс урган гардаг.

-Та найр хуримын ерөөл хэлэх ёсноос хуваалцаач. Жилдээ хэдэн найранд уригддаг вэ?

-Найр хурим үүтгэж байгаа айлд очихдоо бүх зүйлийн сайн сайхныг бэлгэдэж ерөөлөө хэлнэ. Ширээн дээр дэлгээтэй идээ шүүс, хүргэн бэрүүд, гал голомт, хорол тооно, чагтага бүгдэд тохирсон үг хэллэг бий. Найрын ерөөлийн хуучин үг хэллэгийг хөндөж болдоггүй. Хадаг барихдаа хоёр үзүүрийг нь тэнцүүлэхгүй. Зовлон зүдгүүрээс ангид байхыг бэлгэдэж зүүн үзүүрийг нь богиносгон, жаргал баяр нь урт удаан үргэлжлэхийг ерөөж баруун үзүүрийг нь урт барьдаг. Ерөөлч зөвхөн хурим найр, сэвлэг үргээх ёслол гэлгүй ямар ч үед бэлгэ дэмбэрлийн үг хэлж, ерөөдөг байх хэрэгтэй. Эсгий хийж, гүү барих гэх зэрэг үйлд тохирох ерөөл хэлэх учиртай. Би зундаа 3-5 наадам, намартаа 5-10 найранд очдог.

-Та найранд уригдахдаа хэр хэмжээний хөлс авдаг вэ?

-Хурим найранд 250-300 мянга, морь цоллоход 60 мянга, бөх цоллоход 40-60 мянган төгрөгөөр ерөөл хэлдэг.

-Та ерөөл магтаал хэлэхийг хэнээр заалгасан бэ?

-Монгол улсын морь, бөх цоллооч Лувсандоржийн Доржсүрэн, МУСТА ерөөлч магтаалч Дамдинцэвээний Эрдэнэбат ахаасаа эрдмийг нь өвлөсөн. Одоо ч суралцсаар байна даа.

-Хуучин цагийнх шиг хүн бүр ерөөл бэлгэтэй үг хэлэхээ больсон. Харин та залуу хүн хэр нь энэ соёлоо өвлөн түгээн дэлгэрүүлж байна?  

-Миний хамгийн гол зорилго ерөөл, магтаалын үнэ цэнийг хадгалан орчин цагийн монгол хэлээр олон хүнд хүргэх. Тэгэхдээ хэлэхүйн айзам хэмнэлийн онцлогт тохируулах хамгийн чухал. Мөн нутаг орондоо зориулж зохиосон магтаал, эрт дээр үеэсээ уламжилж ирсэн ерөөлийг хэл аялгууг нь алдагдуулахгүй хэлэхийг хичээдэг. Эртний ерөөлүүд тэр үеийнхээ шинжийг хадгалдаг учраас хэлэхэд хамгийн хэцүү тул сандрах үеүд бий. Магтаалд муулах, шүүмжлэх утга агуулга байдаггүй. Одоо байгаа зүйлийн сайн сайхныг тодотгож, ирээдүйг сайнаар зөгнөж өсөн дэвжихийн эхлэлийг тавьдаг учиртай. Би дөчөөс доош насныхан ерөөл магтаал сонирхож мэддэг байгаасай гэж хүсдэг. Монгол соёлын охь болсон тууль, уртын дуу бол ерөөл магтаалаас эхтэй. Тиймээс л соёлын биет бус өвийн зүрх нь болдог юм шүү дээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Соднинж

    Амжилт хүсье мундаг шүү анд

    2023-03-01

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.