Өмнөд Солонгос: Хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийг дэмжихэд 6.45 тэрбум доллар төсөвлөлөө
Анд нөхдийн мэдээ
2024-10-17
Өмнөд Солонгосын Засгийн газар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ дэмжихийн тулд бага хүүтэй зээл, бусад дэмжлэгт 8.9 их наяд вон буюу 6.45 тэрбум доллар төсөвлөлөө. Ингэснээр ирэх жил олон улсад энэ талбарт өрсөлдөх чадвараа сайжруулах зорилготой байгаа тухай Сангийн сайд нь мэдээлэв. Энэ нь тус улсын ерөнхийлөгч Юн Сок Ёлийн зургаадугаар сард зарласан улсынхаа гол үйлдвэрлэлийн салбарын дэлхий дахинд өрсөлдөх чадварыг эрчимтэй сайжруулах зорилгоор 26 их наяд воны дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөний нэг хэсэг ажээ. Тус төлөвлөгөөний дагуу ирэх жил 4.7 их наяд воны зээлийг чип үйлдвэрлэгч болон чип хийх материал нийлүүлэгч компаниудад бага хүүтэй олгож, энэ чиглэлийн бизнесийн экосистемийг бүрдүүлэх, 1.7 тэрбум воныг чипний үүлэн технологи, савлагааны болон бусад талбарт дэвшилтэт технологийг хамгаалах хөгжлийн төсөл боловсруулах, нийтийг хамарсан томоохон судалгаа хийхэд зарцуулах юм байна. Харин 2.4 их наяд воныг Гёнгги аймгийн Ёнгин хот дахь хагас дамжуулагчийн кластерт зориулан дэд бүтцийг өргөтгөхөд зарцуулах гэнэ. Тус улс нь Ёнгин хотод дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэлийн кластер байгуулахыг зорин ажиллаж байгаа юм. Өмнөд Солонгост “Samsung Electronics”, “SK Hynix” тэргүүтэй хэд хэдэн компани хагас дамжуулагч үйлдвэрлэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.