images

Энэ жилийн Нобелийн энхтайвны шагналыг хэн хүртэх вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-10-07


   Энэ жилийн Нобелийн физиологи, анагаах ухааны шагналыг энэ сарын 7-ны өдөр, физикийн салбарын шагналыг 8-ны өдөр, үргэлжлүүлээд химийн салбарын шагналыг 9-ний өдөр, уран зохиолын шагналыг 10-ны өдөр, энх тайвны шагналыг 11-ний өдөр олгож, гурван өдрийн дараа буюу 14-нд эдийн засгийн шагнал гардуулснаар ёслол дуусна. Эдгээрээс дэлхийн ард түмнийг зовлон зүдгүүрт хүргэж буй дайн тулаан болон соёл иргэншлийн түүхэнд мөрөө үлдээх асар том инноваци болж буй хиймэл оюун ухаан (AI) технологи зэрэгт хүмүүс анхаарал хандуулж байна. Орос-Украины дайн, Израиль, Палестин, Ираны мөргөлдөөн, олон мянган дүрвэгсэд зэрэг дэлхий нийтээрээ хүнд нөхцөлд байгаа энэ үед  Норвегийн Нобелийн хороо энх тайвны шагналын эзнээр хэнийг тодруулах вэ гэдэг нь дэлхий дахины анхаарал татаж байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр шинжээчид НҮБ-ын Палестины дүрвэгсдэд туслах байгууллага (UNRWA), Олон улсын шүүх (ICJ), НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарыг уг шагнал хүртэх магадлалтай гэж үзэж байгаа ажээ. Мөн түүнээс гадна Оросын түрэмгийллийн эсрэг тууштай зогсож буй Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн нэр яригдаж байна. Норвегийн Осло дахь Энх тайвны судалгааны хүрээлэнгийн (PRIO) захирал Хенрик Урдал хэлэхдээ, "UNRWA байгууллага Нобелийн шагнал хүртэх магадлалтай. Учир нь тэд Газын зурваст дайны улмаас зовж шаналж буй Палестины энгийн иргэдийн төлөө онцгой чухал ажил хийж байна” гэж байв. Гэвч өнгөрсөн оны аравдугаар сард ХАМАС бүлэглэл Израиль руу хийсэн гэнэтийн дайралтад UNRWA-ийн ажилтнууд холбогдсон гэсэн хардлага байгаа юм. Израиль улс UNRWA-ийн 450 гаруй ажилтныг Газын зурвас дахь террорист бүлэглэлийн агентууд гэж мэдэгдэж байсан удаатай. Нобелийн хороо энх тайвны шагналд нэр дэвшигчдийн танилцуулгыг урьдчилан хүлээн авдаг бөгөөд энэ жил нийт 286 хүн болон байгууллагын нэр ирсэн байна. Үүнд НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага (UNHCR), Ромын пап лам Францис, Британийн амьтан судлаач Дэвид Аттенборо, Ойрхи Дорнодын энх тайвны бүлгүүд болох “EcoPeace”, “Woman Age Peace”, “Woman for the Peace” зэрг хувь хүн, байгуулагын нэр багтжээ. Нөгөө талаар дайны гамшиг, дайсагнасан харилцаа улам идэвхжиж буй энэ цаг үед Нобелийн хороо шагналыг огт олгохгүй байх магадлалтай. Өмнө нь дэлхийн I, II дугаар дайны үе болон 1972 оныг оруулаад 19 удаа огт шагнал олгож байгаагүй ажээ. Энэ жилийн шагналын эзэд төрөл тус бүрт 11 сая швед кроны мөнгөн шагнал хүртэх ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.