images

“Douyin” платформд 1.18 сая дагагчтай өвөр монгол эмэгтэй монгол соёлоо сурталчилж байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   “Tiktok” платформын хятад хувилбар болох “Douyin”-аар дамжуулан Өвөр Монголын малчны амьдралыг танилцуулдаг Уянга бүсгүйг “China Daily” сонин сурвалжилжээ. Тэрбээр Шилийн гол аймгийн Баруун Үзэмчин хошууны иргэн бөгөөд малчин айлын өдөр тутмын амьдралыг зургаан жилийн турш бичлэгээрээ хуваалцсаар 1.18 сая дагагчтай болж үндэстний соёл уламжлалаа Хятадын сая сая үзэгчид таниулсан байна. Тухайлбал, уламжлалт хоол хийж, мал хариулж буй бичлэгтээ үзэсгэлэнт байгаль харуулдаг тэрбээр хамгийн сүүлд, малчид өвөлдөө бэлтгэн хадлан хадаж буй бичлэгийг оруулжээ. Байгалийн хуулинд захирагдаж амьдардаг малчдын онцлогийг таниулж яваа тэрбээр 1995 онд төрсөн байна. Өдгөө 29 настай бүсгүй Хөххотын Санхүү, эдийн засгийн их сургуульд элсэж газрын нөөцийн мэнэжмент мэргэжил эзэмшжээ. Улмаар хөдөө нутагт сайхан амьдрах боломж том хотоос илүү өргөн байгааг олж харан нутаг буцсан байна. Тухайн үед Өвөр Монголын малчдын өдөр тутмын амьдралыг үнэн зөв мэдээлдэг нөлөөлөгч байгаагүй тул 2018 онд бичлэг хийн анхдагч болжээ. Улмаар түүнээс үлгэр аван Өвөр Монгол, Шинжаан, Төвөдийн залуу бүсгүйчүүд уламжлал, соёлоо сурталчилсан бичлэг хийж малчин хүний жаргал, зовлонг харуулдаг болсон гэнэ. Гэхдээ Уянга өөрийгөө нөлөөлөгч гэж хэлэх дургүй бөгөөд “Би зүгээр л өдөр тутмын амьдралаа бичлэгт буулгадаг хүн” гэсэн юм. Тэрбээр цаашид Монголын соёл уламжлалыг таниулах олон бичлэг хийхээр төлөвлөжээ. “Tiktok”-ын оператор "ByteDance" компани Douyin” платформыг 2016 онд гаргасан бөгөөд өнөөдөр хэрэглэгчдийнх нь тоо 400 саяд хүрчээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.