images

“Oura Health” компани шинэ ухаалаг бөгжөө танилцууллаа

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-10-04


   Дэлхийд аз жаргалын индексээрээ тэргүүлдэг Финланд улсын “Oura Health” компани “Oura Ring 4” ухаалаг бөгжөө өчигдөр танилцууллаа. Ухаалаг бөгжний дөрөв дэх үеийн энэ загвар нь шинэ мэдрэгчтэй, өмнөхөөсөө илүү нимгэн, нарийн загвартай болжээ. Тодруулбал, бөгжний өмнөх загварын мэдрэгч товгор байсан бол энэ удаа хавтгай болгосон нь зүүхэд эвтэйхэн болсон байна. Хэрэглэгчийн нойр, дасгал, стресс, зүрхний цохилт, цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ, амьсгал зэргийг ухаалаг бугуйн цагны адил хэмждэг энэ бүтээгдэхүүн 349 долларын үнээр зарагдах бөгөөд хэдийнэ урьдчилсан захиалга авч эхлээд энэ сарын 15-нд түгээлтэд гаргахаар төлөвлөжээ. Хэрэглэгчдэдээ 20 янзын хэмжээ, зургаан өөр өнгө санал болгож байгаа бол цэнэгээ найман өдөр барих аж. Шинэ загварын ухаалаг бөгжинд хийсэн өөр нэг шинэчлэлт нь гар утастай холбогддог аппликэйшнийх нь “Oura Labs” цонх өмнө нь зөвхөн “iPhone” гар утас хэрэглэгчдэд нээгддэг байсан бол одоо “Android” үйлдлийн системтэй гар утас хэрэглэгчдэд ч харагддаг болжээ. Мөн гар утасны аппликэйшн нь сарын 5.99 долларын төлбөртэй хэвээр байгаа гэнэ. Хамгийн анхны “Oura” ухаалаг бөгж 2015 онд, дараагийн шинэ загварууд нь 2018, 2021 онд гарч байв. Тус компани өнгөрсөн хугацаанд 2.5 сая ухаалаг бөгж худалдсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ салбартаа тэргүүлэгч нь юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.