Дональд Трамп Владимир Зеленскийтэй уулзана
Анд нөхдийн мэдээ
2024-09-27
АНУ-ын сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа Дональд Трамп Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахаар болсноо өчигдөр зарласан билээ. Тэрбээр Нью-Йоркийн цагаар баасан гарагийн өглөөний 9 цагт “Trump Tower” оффисын барилгадаа В.Зеленскийг хүлээж авна. Д.Трамп түүнийг “ОХУ-тай хэлэлцээр хийхээс татгалзсан” гэж шүүмжилснийхээ дараа өдөр ийм мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байгаа юм. АНУ-д айлчилж буй В.Зеленский өчигдөр ерөнхийлөгч Жо Байден, Ардчилсан намаас нэр дэвшигч Камала Харрис нартай уулзаж ОХУ-ыг дипломат аргаар дайныг дуусгахыг шахах ялалтын төлөвлөгөөнийхөө талаар ярилцсан билээ. Мөн Ж.Байден Украинд 7.9 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарласан юм. Хэдий тийм ч Д.Трамп В.Зеленскийтэй уулзах сонголтыг хийсэн бөгөөд 2019 оноос эхлэлтэй тэдний харилцаа тийм ч сайн биш. Гэхдээ Д.Трамп энэ сард болсон нэр дэвшигчийн мэтгэлцээний үеэр Украиныг ялаасай гэж хүсч буйгаа хэлсэн юм. Мөн тэрбээр В.Зеленский, В.Путин нарыг хэлэлцээ хийлгэж чадна гэдэг байр сууриа дахин илэрхийлэв. Түүнчлэн Украин Орос руу дайрснаар дайн дуусна гэж үзэж байгаа эсэх талаар сэтгүүлчийн асуултад “Ингэх юм бол Украинд тохиолдож байгаа зүйлээс ялгаагүй юм болно. Маш олон үхэл, сүйрэл дагуулах аймшигтай зүйл” хэмээн хариулжээ. Харин В.Зеленский саяхан “The New Yorker” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Д.Трамп дайныг хэрхэн зогсоохыг мэдэхгүй” гэж бодож байгаагаа ярьсан билээ. Энэ тухай асуултад Д.Трамп “Би түүнтэй санал нийлэхгүй. Тэр намайг мэдэхгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.