images

Казахстан "Оскар"-ын шагналд нэр дэвшүүлэх киногоо сонгожээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-26


   97 дахь удаагийн "Оскар"-ын наадамд нэр дэвшүүлэх киног хүлээн авах хугацаа 11 дүгээр сарын 14-нд дуусах гэж байгаа тул дэлхийн улс орнууд “Best International Feature” шагналд нэр дэвшүүлэх киноныхоо сонгон шалгаруулалтыг дор бүрнээ явуулж байна. Монгол улсын Кино урлагийн зөвлөлөөс "Оскар"-т нэр дэвших хүсэлт гаргасан хоёр уран бүтээлийг дэвшүүлэхээс татгалзсан билээ. Тэгвэл Казахстан улс өнөөдөр найруулагч Асхат Кучинчерековын “Bauryna Salu” киног Академийн шагналд нэр дэвшүүлэхээр сонгожээ. Өнгөрсөн онд дэлгэцнээ гарсан тус кино нь Казахстаны зэлүүд нутагт нүүдэлчдийн уламжлал ёсоор аав, ээжээсээ хоцорч үлдсэн 12 настай Ерсултан хүүгийн амьдралыг харуулдаг. Хүүгийн аав, ээж залуу хүмүүс байсан тул том хүүгээ төрсний дараа аав, ээждээ үрчлүүлжээ. Ингээд эмээгийнхээ гар дээр өсөж, багаасаа давсны уурхайд ажиллан хүнд хэцүүг үзсэн хүү шөнө нь хол амьдардаг аав, ээжийнхээ зургийг үзэж тэдэндээ очно хэмээн мөнгө цуглуулж эхэлдэг. Гэтэл эмээ нь нас барсны дараа аав, ээж хоёр нь хүүг ирж авсан ч санаснаар нь сайхан байсангүй хөндий, хүйтэн харилцаатай байдаг. Киноны энэ үйл явдал Казахстаны үзэгчдийн дунд мэтгэлцээн үүсгэжээ. Учир нь, залуу аав, ээжүүд ууган хүүхдээ авга талын өвөө, эмээгээр нь өсгүүлж насанд хүрсэн хойно нь, эсвэл өвөө, эмээ нь нас барсны дараа буцаан авдаг хуучны уламжлалыг энэ киногоор харуулсан байна. Энэ талаар найруулагч А.Кучинчереков “Ганцаардмал, аз жаргалгүй өсөж буй хүүхдүүд ямар байдгийг харуулахыг зорьсон” гэжээ. Тэрбээр өөрөө казах уламжлалын дагуу өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн бөгөөд өдгөө эцэг, эхтэйгээ дотно биш тул амьдралаа киногоор илэрхийлэхийг зорьсон байна. Хүүхдүүд эцэг, эхээсээ хол өссөнөөр тэднээс хөндийрч, ганцаардмал, сэтгэлийн шархтай болж өсдөг аж. Мөн энэ киноны нэрийг өөр хэл рүү орчуулах боломжгүй гэнэ. Учир нь, казахуудын тэрхүү уламжлалыг “Bauryna Salu” гэдэг байна. Сонирхуулахад, Казахстан улс 2007 онд "Оскар"-ын “Best International Feature” шагналд найруулагч Сергей Бодровын “Монгол” киног нэр дэвшүүлж байсан юм. 97 дахь удаагийн Академийн шагналд өрсөлдөх киноны жагсаалт 12 дугаар сарын 17-нд тодорхой болох бол 2025 оны нэгдүгээр сарын 17-нд нэр дэвшигчдийг зарлаж, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ гуравдугаар сарын 2-нд болно. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.