images

Марк Цукербэрг “Instagram”-аас хүүхдүүдийг хамгаалах тохиргоо хийв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-09-18


   “Meta” компани “Instagram” платформдоо өсвөр насныханд зориулсан тусгай хаяг бий болгосноо өнөөдөр зарлалаа. Ингэснээр 18 насанд хүрээгүй хүүхдүүдийн үзэх контент, платформыг ашиглан харилцаж байгаа хүмүүсийг хянах, хязгаарлах замаар тэднийг цахим орчны сөрөг нөлөөнөөс хамгаалах боломж бүрджээ. Тус компанийн захирал Марк Цукербэрг өнгөрөгч хавар хүүхдүүдэд үзүүлэх цахим орчны сөрөг нөлөөний талаар эцэг эхчүүдээс хүчтэй шүүмж хүлээн авч уучлал гуйсан юм. Харин энэ удаа бодитой алхам хийж эцэг эхчүүд хүүхдийнхээ хаягийг хянах боломжийг олголоо. Өөрөөр хэлбэл, 16-гаас доош насны хүүхдүүд хаягийнхаа зарим хязгаарлалтын тохиргоог өөрчлөхдөө эцэг, эхээсээ зөвшөөрөл авах юм байна. Мөн өсвөр насныхны хаяг хаалттай байх бөгөөд хүүхдүүдийн оруулсан зураг, бичлэгийг зөвхөн дагагч нар нь л үзэх боломжтой байхаар зохицуулжээ. Түүнчлэн хүүхдүүд зөвхөн дагагч нартайгаа л шууд мессэжээр харилцах боломжтой буюу дагагчаар хүлээн зөвшөөрөөгүй хүнээсээ мессэж хүлээж авахгүй. Өсвөр насныхан өдөрт 60 минут “Instagram” ашиглавал мэдэгдэл очиж платформоос гарахыг сануулах бөгөөд зөвхөн өглөөний 7 цагаас оройн 22 цагийн хооронд ашиглах боломжтой. Энэ өөрчлөлт өнөөдрөөс эхлэн “Instagram”-д хаягтай болж байгаа хүүхдүүдэд шууд үйлчлэх бол өмнө нь хаягтай байсан АНУ, Их Британи, Канад, Австралийн иргэн хүүхдүүдийг 60 хоногт энэ тохиргоонд оруулна. Харин дэлхийн бусад оронд ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжих ажээ. Мөн төрсөн он, сар, өдрөө хуурамчаар оруулах явдлыг илрүүлдэг болохоор ажиллаж байгаа гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.