Катарт ДАШТ үзэж яваа 74 настай Д.Дэнсмаа: Энэ чинь зүүд үү?
Чихэнд чимэгтэй
2022-11-26
Катарын нийслэл Доха хотод хөлбөмбөгийн ДАШТ үзэн түм түжигнэж бум бужигнасан олон дотор 74 настай монгол эмээ явж байвал ямар вэ? Хөлбөмбөгийн хорхойтон Даваахүүгийн Дэнсмаа гуай ач охин, хүргэн хоёрын хамтаар 22-ны өдөр Дохад очсон байна. Өнгөрсөн хугацаанд хоёр ч тоглолт үзсэн төдийгүй дэлхийн хөлбөмбөгийн сүпер одуудын дунд орж халуун гарыг нь атгасан гэх мэт сонин сайхнаа манай сурвалжлагчид видео холбоогоор ийн ярилаа. Тэрбээр Улаанбаатар хотод 1949 онд мэндэлсэн бөгөөд нийслэлийн баруун урд этгээд, тэр үеийн Ажилчины дүүргийн Биокомбинатад төрж өсчээ.
- Та Улаанбаатарын унаган хүүхэд юм байна. Таны аав ээж болохоор аль нутаг хошууны улс байв аа?
- Аав маань Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, ээж мөн Өвөрхангайн хуучнаар бол Төгрөг сумынх, одоогийнхоор бол Баянгол. Би өөрөө Биокомбинатын унаган хүүхэд. Одоо ч тэндээ ногоо цагаа, мод зүлэг тариад, нохойн баастай ноцолдоод байж байна.
- Ажилчины районы 19 дүгээр хороолол, Нисэх, Биокомбинатынхан хөлбөмбөгтөө яггүй байсан шүү.
- Тэгэлгүй яахав. Болд багшийн буянаар хөлбөмбөг манай Биод бас муугүй хөгжсөн шүү. Дасгалжуулагч хүн байсан юм. Хөлбөмбөгөөс гадна софт теннис хөгжүүлсэн. Цүнх үүрчихээд манайхны хүүхдүүдийг софт теннист орооч гээд л явдаг байсан. Хөгжүүлээд л өгсөн. Одоо тэр хүүхдүүдээс сүрхий яваа нь бий шүү, Туркэд гэхэд л нэг хүүхэд байгаа.
- Та хөлбөмбөгт хэзээнээс ийм дуртай болчихсон хүн бэ?
- Яг нарийндаа бол би анх 1970 онд Бразилийг дэлхийн аварга болоход үзэж байсан хүн шүү. Бразил гурав дахь удаагаа аварга болоод үүрд хадгалах “Алтан дагина” цом авч байгаагүй юу. Тэр жил би амаржсан юм. Биокомбинатад манай паап (аавыгаа хэлж байна) хашаандаа жижиг гэр барьж намайг оруулаад, хоёр өрөө байшинтай тэрэндээ 900-гийн зурагт авч тавьчихаад “Нохойтой дөрвөн танкчин” кино, хөлбөмбөгийн дэлхийн аваргыг хүүхдүүд шавуулаад үзүүлж байсан юм. Тэр жил л дээ. Зурагттай айл гэж тэр үед ховор байлаа. 900-гийн гээд жижигхээн зурагт байгаагүй юу.
- Тэрнээс хойш тасралтгүй үзсэн гэсэн үг үү?
- Яг тууштай үзсэн маань бол Өмнөд Солонгост болсон 2002 оны ДАШТ-ээс эхэлсэн юм. Тэмдэглэл хөтлөөд л. Тэдний өдрийн тэдэн цагт тэр улс тэр улстай тэгж тоглолоо гээд л нэгд нэггүй тэмдэглэнэ. Анхны торгууль тэр авлаа, анхны улаан хуудас тэр авлаа гэж хүртэл тэмдэглэнэ. Балын харандаа, баллуур хоёр бэлтгэж тавьж байгаад, буруу зөрүү бичвэл баллаж өгнө өө. Одоо ч тэр дэвтрүүд надад байна. Тэрнээс хойш л тууштай үзсэн дээ.
- Хөлбөмбөгт л дуртай хүн үү? Эсвэл ерөөсөө спортод хорхойтой хэрэг үү?
- Спорт үзэх угаасаа дуртай. Социализмын үеэс авахуулаад хоккей, уран гулгалт их үздэг байсан хүн. Тихоновын үеийн хоккейг бол мэддэг л байлаа хөөрхий минь. Уран гулгалт гэхээр Ирина Роднина гээд л явна шүү дээ, бүгдийг мэднэ. Тэр үеийн юмнууд одоо цугаараа байхгүй болоо биз. Хоккей, хөлбөмбөг үзэж цовхчиж өвгөнийгөө цочоодог, уурлуулдаг байв. Сүүлдээ ч өвгөн маань зэрэгцээд суудаг болсон доо. Зүгээр үзнэ гэж байхгүй ээ. Ямар сайндаа Мардоонаа нэг штрааф цохиод алдчихаар нь “Үхсэн баас, та нар Мардоонаа, Мардоонаа л гээд байсан, энийг алдаад байхдаа яадаг юм” гэж байх вэ дээ. 2002 оноос хойш бол хөлбөмбөгийн клубын тоглолт, лигийн тоглолт бүгдийг нь үздэг болсон. Европын аварга энэ тэр гээд. Рональдогоо тээр жил хөлөө бариад унаж байсан энэ тэрийг үзэж л байлаа. Тэгээд ингээд ирэхээр ойр тойрныхныгоо хамруулчихдаг болдог юм байна. Манай нэг ач одоо хөлбөмбөгт явдаг. Бүр гурван настайгаасаа сонирхсон юм, тэр их сонин хүүхэд. Аав ах хоёртойгоо тэмцээн үзэж байсан чинь “Манчестер” хожигдоод, аав ах хоёр нь уурлаад өрөөндөө яваад орчихсон чинь ганцаараа үлдээд баярлаад, дэвхцээд байсан гэж байгаа юм. Гурван настай байхдаа шүү дээ. Одоо тавдугаар сургуулийн хүүхэд, “Дэрэн”-д явж байгаад одоо бол гараад өөр багт байдаг юм шиг билээ. Тэрэнтэй цуг хөлбөмбөг үзэхээр их гоё оо, мэдэхгүй юм байхгүй, юутай хээтэй нь ярина, андахгүй.
- Таны шүтэн биширдэг хөлбөмбөгчин хэн байна? Энэ жил аль багийг дэмжиж байна вэ?
- Рональдо, Рональдо. Энэ ДАШТ-д аанай л Рональдогоо дэмжинэ, Португалаа дэмжинэ. Гэхдээ өнөө жил Португал маань яг ямар явахыг бол сайн мэдэхгүй л байна.
Д.Дэнсмаа гуай Японы алдарт хөлбөмбөгчин К.Хонда, Английн "Чэлси" клубын бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Дидье Дрогбагийн хамт.
- Чухам энэ ДАШТ-ийг үзэх болсон шалтгаан тань юу вэ? Дохад очсоноос хойш ямар ямар тэмцээн үзээд байна?
- Ирсээр Испани-Коста Рика, Солонгос-Уругвайн тоглолт үзээд байна.
Энэ үеэр түүний зээ охин Д.Аминаа ярианд оролцож ийн сонирхуулав.
- Би эмээгээ ДАШТ үзүүлнэ гэж багаасаа мөрөөдсөн юм. Гэтэл энэ жил найз залуу маань төрсөн өдрийн бэлэг болгож Катарын ДАШТ үзье гээд. Тэгээд мөрөөдлөө биелүүлье, эмээгээ дагуулж явъя гэж ярилцаад хамтдаа ирээд байгаа юм.
Катарт манайхан визтэй зорчдог. Виз авахад заавал шаардагддаг учраас бид гурав аяллын компаниараа дамжуулж ямар ч байсан нэг тэмцээний билет аваад ирсэн. Очсон хойно билет олддог гэж хүмүүс хэлэхээр нь шууд хүрээд ирсэн юм. Тэгээд ирсэн хойноо ямар ч байсан тасалбар түгээврийн газраар нь оръё, ид болж байгаа гоё тоглолтын билетнээс ямар ч үнээр хамаагүй авъя гээд явж байтал манай аяллын компанийн төлөөлөгч ярив. Тэр хүн маань Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар ахтай хамт явж байхдаа өндөр настан ийм хүн явж байгаа гэж хэлж л дээ. Тэгээд А.Ганбаатар ах биднийг эрж ирж уулзсан юм. Уулзаж танилцаад бидэнд Солонгос-Уругвайн тоглолтын билет хүн бүрд нэг нэгийг бэлэглэдэг байгаа! Бид гурав ямар их баярласан гээч. Тэр суудал нь бүр тусгай ангиллын маш гоё суудал байдаг юм даа. Ингээд зогсоогүй ээ. Жанни Инфантино тэргүүтэй Олон улсын хөлбөмбөгийн холбооныхон (FIFA) өөрсдөө “Lusail” гэж тансаг зочид буудлыг бүхлээр нь авч байрлацгаасан юм байна. Тийшээ биднийг дагуулж ороод өчнөөн гоё хүмүүстэй уулзуулж танилцуулав аа. Зурагтаар л барааг нь хардаг дэлхийн жинхэнэ одууд. Тэр буудал руу энгийн хүмүүс бол ордоггүй юм байна. Алдарт Дидье Дрогбагаас авахуулаад Испанийн Карлес Пуйоль, Болгарын Христо Стоичков, Японы Хонда Кэйсүкэ гээд өчнөөн одуудтай гар барьж танилцан зургаа авахууллаа. Бүгд үндэснийхээ шигшээ багийн №1 тоглогчоос гадна “Чэлси”, “Манчестер”, “Барселона”, “Милан” гээд сүпер багуудад тоглож байсан сүпер одууд. А.Ганбаатар ах тэднийг бүгдийг нь таньдаг юм байна. Бүр дотно нэг найзыгаа танилцуулсан нь Юри Жоркайф гэж Францын шигшээ багт олон жил тоглосон, дэлхийн аварга хүн байна лээ. Аав нь Жан Жоркайф гэж жараад онд Францын шигшээ багийн ахлагч байсан. Уг гарал нь халимаг монгол улсууд гэнэ. Үнэхээр сүпер одууд. Ганбаа ах бас биднийг Солонгосын хөлбөмбөгийн холбооныхонтой хүртэл танилцуулсан шүү. Эмээ маань “Энэ чинь одоо зүүд үү?” гээд л яваад байлаа. Би ч ялгаагүй. Үнэхээр зүүд шиг байлаа.
Д.Д: - Тэгэхээр барах уу. Над шиг насны хүн энд ирээд ийм улсуудтай уулзаад явж байна гэдэг чинь зүүд үү, үнэхээр юу гэх вэ. Зурагтаар өчнөөн үзсэн Хондагийнхаа гарыг атгаад, зургаа авахуулаад зогсож байна гэж хүн ер нь бодох уу? Хөлбөмбөгийн холбооны А.Ганбаатар хүүд баярлаад барахгүй байна би. Тийм сайхан зочид буудалд унаа тэргээрээ үйлчлэн байж биднийг аваачиж, тийм сайхан юм үзүүлж, тийм ховор хүмүүстэй уулзуулна гэж үнэхээр зүүдэлсэнгүй явлаа. Хүүхдүүддээ баярлаж байна. Энэ бүхнийг үзнэ гэдэг надад бол үнэхээр “Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна” гэгч л болж байна даа. Тэр зочид буудалд, амьдралдаа дэргэдээс нь үзэж байгаагүй цагаан хувцастай арабтай бас зургаа авахууллаа. Хүндтэй л хүн бололтой. Өвгөн үзээд уурлах болов уу, яах бол (инээв).
Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар болон зээ охин Д.Аминаагийн хамт
- Монголчууд ер нь хэр явж байх шиг байна, таарав уу?
- Испани-Уругвай хоёрын тоглолтыг бүр хаалган тушаа сууж үзсэн юм. Тэр тоглолтон дээр нэг монгол залуутай таарсан. Нэг аяллын компаниас тийз авсан хүмүүс явах нь явж байна аа. Гэхдээ монгол хүн ховор байна. Явах нь явж л байгаа байх. Гэхдээ тэр түмэн улсын дунд таараад байна гэж яаж ч байх вэ дээ.
- Катар их халуун газар байх юм уу? Цаг агаар нь танд хэр таарч байна?
- Халуун юм аа. Гэхдээ стадионд болохоор хүйтэн байна. Халууны эсрэг юмаа айхтар ажиллуулдаг бололтой юм. Хөлөө зузаан бүтээлгээр ороож сууж үзлээ. Хоол унд нь сайхан юм аа. Сайн идээд, сайхан унтаад л яваад байна. Хөл жаахан хөөх маягтай байхаар хүүхдүүд таавчиг авч өгсөн, одоо зүгээр.
- Та залуудаа гадаад оронд явж байв уу?
- Явж байсан байсан. Залуудаа Орост очсон, Европ руу орсон. Урагшаа Ази руу орсон, орсон. Дал гарсан хойноо энд ингэж ирлээ. Ганбаа хүү салахдаа “За та бас болоогүй шүү, Америкийг үзнэ шүү” гэж хэлээд явсан. Ерөөлөөр болог ээ.
- Та спортод үнэхээр хорхойтой хүн юм. Залуудаа спортоор хичээллэж байв уу?
- Ер нь спорт бол хүний сэтгэл оюунд гойд сайхан нөлөөтэй эд л дээ. Өдий зэрэгтэй яваа маань бас энэнийх гэж боддог юм. Спортыг бол би ер нь алиныг ч голохгүй, бүгдийг үзнэ. Өөрөө хичээллэхийн тухайд гэвэл шатар тоглодог байлаа. “Хөдөлмөр” нийгэмлэг дээр. (Одоогийн “Алдар” биеийн тамирын дээд сургууль. Ред.) Хулганаа гуай, Бүжинлхам хоёртой өрөг тавьж л явлаа. (Ж.Хулганаа нь Монгол улсын 6 удаагийн аварга, эмэгтэйчүүдийн шатрын улсын хамгийн олон дээд амжилтын эзэн. П.Бүжинлхам нь улсын хоёр удаагийн аварга, ахмад шатарчдын дэлхийн аварга. Ред.) Хулганаа гуайтай би зүгээр нэг пионер маданд ороод хожигдчихож байгаагүй юм шүү. Нэлээн л хөөрхөн тонгочиж байсан санагддаг юм (инээв). Түүгээрээ бахархаж явдаг хүн дээ.
- Та нар Монголдоо хэзээ буцах төлөвлөгөөтэй байна вэ?
- Хэд хоногоос буцна. Хариад хөлбөмбөгөө зурагтаараа үргэлжлүүлж үзнэ. Өвгөнтэйгээ нийлээд орилоод суучихна даа. Оройтохоор манай өвгөн ”Маргааш өглөө ухрааж үзнэ болно шүү дээ, хөгшөөн. Одоо унтаж амар, амар” гэдэг юм. Тэгэхээр нь би “Үгүй ээ, үгүй. Яг энэ оригоор нь л үзнэ” гээд суучихдаг юм. Хүүхдүүд ч утастаад “Ээж шөнийн тоглолт үзэж болохгүй шүү. Одоо унтаарай” гэдэг юм. Би болохоор “Үгүй ээ” гээд д үзээд суучихдаг.
- Та гэр бүлийн хүнээ манай уншигчдад танилцуулахгүй юу.
- Манай өвгөн ная хүрсэн хүн байна. Адьшаагийн Хишигдорж гэж “Баян Монгол” чуулгын хөгжимчин байсан хүн. 2019 онд “Баян Монгол” чуулгад Төрийн соёрхол өгсөн шүү дээ. Одоо энэ чуулгаас ганц нэгхэн л хүн байна даа, өвгөн маань бас очиж авсан. Тромбон хөгжим тоглодог байсан хүн. Одоо хоёулаа Биодоо ногоогоо тариад, модоо услаад байж байна.
- Танд их баярлалаа. Их юм үзээд сайн яваад ирээрэй. Ирэх жил ногоо цагааны цагаар Биогоор явбал танайхаар орно оо.
- Тэгээрэй, тэгээрэй. Хишгээ, Дэнсмаа хоёр гэхээр Биокомбинатын нохой нь ч андахгүй.
Испанийн шигшээ баг, "Барселона" клубт олон жил тоглосон Карлес Пуйоль, Францын шигшээ багийн гишүүн асан, дэлхийн аварга, домогт хөлбөмбөгчин Юри Жоркайфийн хамт.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (4)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.