images

Байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх: Өнгөрсөн 10 жилд алт ухсан 7000, чулуу олборлосон 400 хүнийг тайгаас буулгаж, 90 түймрийн голомтыг унтраасан

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-25


Байгаль хамгаалагчийн гэр бүл, үр хүүхэд бүгд байгаль хамгаалагч байж, байгалийн эсрэг үйлдэлтэй тэмцэгч болдог

     Улаан тайгын улсын тусгай хамгаалалтын газарт Хорьдол Сарьдаг, Улаан тайгын дархан цаазат газар, Тэнгис-Шишгэдийн байгалийн цогцолборт газрын 1 сая 531 мянга 383 га буюу 15381 км.квадрат нутаг багтана. Уг тусгай хамгаалалтын бүсийг 31 байгаль хамгаалагч хамгаалж байна. Тэдний дотроос ирвэс хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн аав Ж.Төмөрсүхийг монголчууд сайн мэднэ. Тэр бол Улаан тайгын онгон дагшин байгаль, ан амьтанг хамгаалахын төлөө жилийн 280 өдөр уул хадаар явж, Улаан тайгын төлөө 10 жилийн амьдралаа зориулсан эх оронч байгаль хамгаалагчдын нэг. Мөн тэрбээр 25 жил Хөвсгөл нуурын байгаль хамгаалагч хийсэн билээ. Өдгөө энэ ажлыг нь удаах хүү нь залгамжлан авч, байгальдаа зүрх сэтгэлээ өгчээ. Ж.Төмөрсүхийн энэ нөр хөдөлмөрийг төр үнэлж өнөөдөр Монгол Улсын Гавьяат ажилтан цол хүртээж байна. Түүнээс энэ ярилцлагыг өнгөрөгч 5 дугаар сард авсан болохыг уншигчдадаа дуулгая.  

Химийн багш байгаль хамгаалагч болов

-Та 1987 оноос хойш өнөөдрийг хүртэл байгаль хамгаалагчаар ажиллажээ. Яагаад энэ ажлыг хийх болсон бэ. Таны мэргэжил, сонирхол юу байсан бэ?

-Би 1987 онд МУИС-ийг химич, химийн багш мэргэжлээр төгсөөд Хөвсгөл нуурыг хамгаалах газарт анхны мэргэжилтнээр ирж байлаа. Тэр үед ирээдүйд Хөвсгөл нуурт хор хохирол авчирч болзошгүй олон үйлдвэр, аж ахуй нэгжтэй байсан. 1937 оны үед байгуулагдсан Ноос угаах үйлдвэр гэж зунгагтай хонины ноосыг савандаж угаасан усаа шууд Хөвсгөл нуур руу хийдэг үйлдвэр байв. Мөн усан болон мөсөн замаар нефть тээвэрлэхээс гадна нуурын эргэн тойронд мод бэлтгэлийн аж ахуй байсан. Түүгээр зогсохгүй нуурын баруун эргийн өндөр уулсын орчмоос фосфоритын хайгуул хийж, уул уурхайн үйлдвэр барихаар бэлдэж байлаа. Нэг үгээр хэлбэл тухайн үед Хөвсгөл нуур маш эрсдэлтэй нөхцөлд байсан. Манай хамт олон богино хугацаанд шуурхай ажиллаж, эдгээр үйлдвэр Хөвсгөл нуурт аюул учруулж магадгүй хэмээн 1990 он гэхэд бүгд татан буугдсан түүхтэй. Хөвсгөл нуурын хамгаалалтын захиргаа 1986 онд анх байгуулагдаж байсан юм. Сургуулиа дөнгөж төгссөн, шижигнэсэн залуус ажиллаж байлаа даа.

    Анх би Хөвсгөл нуурын усны химид өөрчлөлт орж болзошгүй талаар судалгаа хийж байсан. Гэвч хар багаасаа уул тайгаар явах дуртай, амьтны талаар зохих мэдлэгтэй, зэрлэг амьтны биологи, амьтан судлах чиглэлд сонирхолтой байсан учир тэр чигээрээ амьтны араас явчихсан хүн байгаа юм. Үндсэндээ би чинь өөр мэргэжлээр явчихсан хүн шүү дээ. Тэгээд ч уул тайгад явж, морь унаж сурсан байна гэдэг нэг ёсны дээд сургууль, ур чадвар, авьяас юм. Ингээд мэргэжил, сонирхол, ур чадвар гурав нийлэхээр би чинь уул хадаар явж ажилладаг хүн боллоо.

-Таны аав Жал гуай их шударга хүн байсан гэдэг. Таныг их сургууль төгсөж ирээд, байгаль хамгаалах чиглэлээр ажиллахад юу гэж захиж байсан бэ?

-Манай аав Жал Дархадын нэртэй анчин, агент хүн байсан. Агент гэдэг нь ангийн түүхий эдийн улсын төлөвлөгөө биелүүлэхээр нөхдийн хамт ан гөрөө хийж, арьс, түүхий эд нийлүүлдэг байсан гэсэн үг. Тэр үеийн анчин хүн яс юман дээрээ байгаль хамгаалагч байлаа. Ямар амьтан хэзээ, хаана, ямар зөвшөөрлөөр алж болох, болохгүйг бүгдийг мэддэг, асар их мэдлэгтэй хүмүүс байж гэж би ойлгодог. Манай аавыг шударгаар нь танихгүй хүн байхгүй дээ. “Өвгөн Жалын үг нь үнэн” гэж шүлэгт хүртэл бичиж байсан.

   Сургуулиа төгсөөд би хотод ажиллахаар хуваарилагдсан юм. Тэгсэн гэнэтхэн гэр орон, аав ээж, нутаг орон, унадаг морио их санасан. Хотод хуваарилагдсан ажлаа хүлээгээд сууж байтал морь янцгаахыг сонсоод л тэр ажлаа хаяад Ой мод, аж үйлдвэрийн яаманд очоод “Би хөдөө ажилламаар байна” гэтэл Батбилэг гуай надад Хөвсгөл нуурыг хамгаалах газарт ажиллах томилолт бичиж өгөв. Энэ ажлаа авсны дараа аав минь Улаан-Уул сумаас Хатгал хүртэл 160 километр газар хоёр гурван том давааны цаанаас хувцастай авдрыг минь морин дээр ганзгалаад намайг хүргэж ирж байлаа. Тэгэхдээ “За, миний хүү олонтойгоо шударга л ажиллах хэрэгтэй. Хээр гадаа явахдаа араатан амьтнаас биш хүнээс айж яв” гэж хэлж байсан. Олон үггүй, ийм л шударга хүн байлаа.

-Та энэ өвөл 18 байгаль хамгаалагчийн хамт зэрлэг гахайнд өвс тэжээл дөхүүлээд иржээ. Өнгөрсөн хугацаанд олон л амьтанд өвс тэжээл хүргэв дээ?

-Өө олон олон. Ямар үед өвс, тэжээл, давс тавих вэ гэдэг нь тухайн үеийн нөхцлөөсөө хамаарна. Зэрлэг амьтдад гол төлөв өвс, давс л дөхүүлдэг юм. Гэхдээ тухайн жилийн цаг агаар, цас, тухайн амьтны өвөлжилтийн байдлыг үнэлж дүгнэсний дараа амьтанд юу хэрэгтэй байгааг судалж мэдээд хүргэж өгнө. Зэрлэг амьтанд тэр бүр өвс тавина гэж байхгүй л дээ. Жишээлбэл, давс хужир тавих олон цэг бий. 2000 оноос хойш жил бүр 2-3 тонныг тавьж ирлээ. Энэ нь аргаль гэх мэт ховор амьтдын байршлыг тогтворжуулахад чухал. Учир нь хужирссан амьтан уулнаас бууж айлын мал руу орох, нохойд бариулах эрсдэлтэй байдаг болохоор амьдардаг орчинд нь тавьж өгч эрсдлээс холдуулдаг. Харин цас их орж, цаг хатуурсан үед амьтны идэш тэжээл ховордоод ирэхээр өвс тавина. Энэ жил анх удаа гахайд тэжээл тавилаа. Урьд жилүүдэд зэрлэг гахайн өвөлжилт гайгүй байсан юм. Энэ жил онцлог жил боллоо. Зургаан хүн 40 килограмм тэжээл үүрээд гурван удаа явснаас нэг удаа 18-уулаа явсан нь дээр болохоор холоос бусад байгаль хамгаалагч нараа дуудсан юм. Өндөр ууланд хүнд юм үүрээд гарах хэцүү. Энэ жил дөрвөн тонн тэжээл хүргэлээ. Тэжээл хүргэхдээ заавал тэр зэрлэг гахайн хэвтэр буюу новшны ойролцоо тавьдаг юм. Тэгэхгүй замын голд тавьчихвал турсан тооройнууд тэжээл дээр овоорч байхад чоно барьчих эрсдэлтэй. Тэд тэжээлээ сайн идэж байгаа. Зураг хөргийг нь аваад, камераар бичлэгийг нь хянадаг юм. Ямар гахай тэр тэжээлд орж байгааг давхар судална. Бидний зорьсон тооройтой, жижиг, турж байгаа гахай л тэжээлийг идэх ёстой. Түүнээс биш том бодонгуудад тэжээл шаардлагагүй, өөрөө онд орчихно. Тоорой турахаараа хөх бөөсөндөө баригдаад үхчихдэг юм. Энэ жил тэжээлээ амжилттай тавьж, сайн онд орлоо. Одоо дахиж тэжээл хүргэх шаардлагагүй болсон.

-Өвөл цагийн байдал шинжээд өвс, тэжээл аль тохиромжтойг зэрлэг амьтдад хүргэдэг юм байна. Бусад улиралд ийм ажил хийдэг үү?

-Жилийн дөрвөн улиралд уулаараа явна. Тэгэхдээ зуны байршил судлах, үр төлжилтийн байдлыг мэдрэх, хууль бус ангаас сэргийлэх гэх мэт янз бүрийн зорилгоор байнга тайгад явдаг. Манай Улаан тайгын байгаль хамгаалагчид жилд 150-280 хоногийг уул, тайгадаа өнгөрүүлдэг. Болж бүтэхгүй зүйлийг олж илрүүлэх, байгаль дэлхийгээ таних гэдэг хэр зэрэг ууланд явж байгаагаас шалтгаална. Хичнээн сайн явна, төчнөөн сайн үр дүн гарна.

-Байгаль хамгаалагч хүн бие, сэтгэл, ур чадварын хувьд ямар байх хэрэгтэй вэ?

-Уул тайгын байгаль хамгаалагч хүн улаан дипломтой, хэд гурван хэл мэддэг байх шаардлагагүй. Харин төв газрын байгаль хамгаалагч өөр байж болох юм. Тайгын байгаль хамгаалагч нэгдүгээрт, тайгын хуульд захирагдаж чаддаг байх л хэрэгтэй. Хоёрдугаарт, газар нутаг, байгаль орчин, зэрлэг амьтдын зан араншин, цаг агаарын байдлыг шинжиж мэдэх маш өндөр мэдрэмжтэй байх хэрэгтэй. Дараа нь зохих ёсны бичиг үсэгтэй, ард иргэдэд үзсэн харсан, хамгаалах ёстой зүйлийнхээ мөн чанарыг ойлгуулж чаддаг, түүнийгээ өөрөө мэддэг, нөхөрсөг, тусч, сэтгэлтэй хүн байх ёстой. Дөрөвдүгээрт, хамгийн чухал нь цалин мөнгөнөөс илүү байгаль дэлхийгээ хайрлах зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй. Энэ дөрвөн зүйл байхад өөр ямар ч шалгалт хэрэггүй гэж би боддог. Тайгын хууль гэдэг бол тэнд өөрийгөөө аюулгүй, амьд авч явах ур чадвар юм.

-Танай байгаль хамгаалагчдын нас хүйсийн байдал ямар байна вэ. Ихэнх хамгаалагчид тэтгэвэртээ гарах дөхөж байгаа бололтой. Тэдний залгамж халаа хэр байна вэ?

-Энэ л миний сэтгэлийг зовоож байгаа юм. Өөр зүйлд санаа зовохгүй байна. Надтай хамт ажиллаж байгаа байгаль хамгаалагчид дунд 45-аас дээш насныхан голлож байна. Одоо дөнгөж сургууль төгсөж ирсэн 20 гаруй настай залуу хүн алга. Бидний дунд гурван үеийн байгаль хамгаалагч бий. Эхнийх нь 50, хоёр дахь нь 40 гаруй насныхан бөгөөд 34, 35 настай залуус цөөн хэд байна. Ер нь 55-аас дээш насны хүн тайгад явна гэдэг чанга шүү дээ. Гэтэл тэднийг хэн залгамжлах вэ гэдэг асуудал бүрхэг байна. Байгаль хамгаалагчийн цалин мөнгө багаас гадна урамшуулал, дэмжлэг үгүй тул залуучууд энэ бэрх ажлыг хийхийг хүсэхгүй байх шиг.

-Та энэ талаар Байгаль орчны яам, холбогдох газруудад хэлж, өргөдөл, хүсэлт илгээж байна уу?

-Би сүүлийн хэдэн жил тогтмол энэ талаар ярьж байна. Орчин цагийн байгаль хамгаалагч хэн болчихов, ямар нөхцөлд ажиллаж байна вэ, цаашдаа яах вэ гэдэг асуудлыг хэвлэл мэдээллээр дамжуулан өөрийн амьдрал, харсан үзсэн туршлагадаа тулгуурлан хүргэж байгаа. Энэ нь сонсох ёстой тодорхой хүмүүсийнхээ чихэнд хүрсэн гэж боддог. Байгаль хамгаалагчийн тэтгэвэрт гарах насыг 55 болгож, цалин хангамжийг нэмэх, суманд бус тайгад амьдарч буй байгаль хамгаалагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд туслах, таван жил тутамд урамшуулал олгох, хөдөлмөрийн чадвараа алдах зэргээр ямар нэг эрсдэлд орсон тохиолдолд ар гэрт нь тэтгэмж олгох ёстой гэсэн санааг хэлсээр байна. Одоогоор үүнийг шийдчихээгүй ч шийдэх хэмжээнд очтол чихэнд нь хүрсэн гэж ойлгодог юм. Шинээр ажилд орж буй хүмүүс үүнийг мэдэхгүй учраас үлдсэн хугацаандаа бид энэ асуудлыг төр нийгэмд хүргэхийн төлөө өөрсдийн биеэрээ үлгэрлэж байна. Би үүнийг миний үүрэг гэж бодож шийдвэрлүүлэхийн төлөө уйгагүй явж байна даа.

“Сүүлийн 20 жилд зэрлэг амьтны тоо толгой эрс өссөн”

-Улаан тайгад 10 жил хамгаалагчаар ажиллах хугацаанд ан амьтны тоо толгой хэр зэрэг өссөн бэ?

-Маш сайн өссөн. Одоогоос арван жилийн тэртээ Дархадын хотгор, Улаан тайга, Хөвсгөлийн хойд хязгаарт зэрлэг амьтан хулгайн анчдад хүйс тэмтрүүлсэн. Хүдэрийн заар, баавгайн савар гэх мэт зах зээлд үнэ хүрч байсан амьтдын эд эрхтэнийг авахын төлөө аймшигтай зүйл болж байв. Тэгээд 2011 онд Улаан тайгыг тусгай хамгаалалтад авсан юм. Ингэснээр хууль бус анг 90 хувь зогсоосон. Үүний хүчинд хүдэр ой бүрт амьдарч, халиун буга айлын гэрийн гадаа бууж ирдэг боллоо. Зэрлэг гахай л гэхэд Хорьдол Сарьдагийн нуруунд 200 гаруй байна. Хандгайн мөрийг харахад адуу шиг бөөнөөрөө орж ирдэг болж. Янгир ямаа, аргаль хонь, хүрэн баавгай олон боллоо. Зэрлэг амьтны амьдрах орчин сөнөөгүй байсан болохоор богино хугацаанд ан амьтны тоо толгой өссөн. Үүнийг нутгийн иргэд мэднэ. Тусгай хамгаалалттай газар байх, байгаль хамгаалагч ажиллахын үр дүн, үүргийг нутгийн иргэд хүлээн зөвшөөрдөг болсон. Олон жилийн нөр их хөдөлмөр ингэж гардаг юм байна гэж би үүнд их баярлаж, олзуурхаж, хаана ч нүүр бардам хэлдэг. Үүнийг байгаль хамгаалагчийн ажиглалт судалгаа, ууланд тавьсан камеруудын зураг бичлэгээр бүрэн нотолно.

   Түүнээс гадна бидний хийсэн том ажил бол алт олборлолттой тэмцсэн явдал юм. Хөвсгөлийн тайгад алтны 7000 гаруй нинжа бөөгнөрсөн байлаа. Энд ямар ч хууль хяналтгүйгээс хулгай дээрмээс эхлээд өвчин зовлон, гал түймэр, хүн амины хэрэг, байгаль орчны бохирдол нүүрлэж байв. Бид хоёр жилийн дотор 7000 нинжаг тайгаас буулгаж чадсан. Мөн тайгаас хаш чулуу олборлож байсан 400 гаруй хүнийг буулгаж, тухайн газрыг нь нөхөн сэргээсэн. Маш олон архины шил устгаж, алт угааж бохирдуулсан голуудыг цэвэрлэж байв. Тухайн үед нутгийн ард иргэд үүнийг эсэргүүцэж, алт олборлож мөнгөтэй болохыг хүсч байлаа. Асар их хэрүүл тэмцэлтэй, маш хүнд байсан. Гэхдээ бид 10 жилийн дараах энэ үр дүнг харахад хэн ч харсан хүлээн зөвшөөрөхүйц зөв зүйл хийсэн байна. Энэ бол олон байгаль хамгаалагчийн уйгагүй хөдөлмөрийн үр дүн.

-Тайгын ан амьтдаас гадна ховордсон, эмийн, янз бүрийн ургамлыг хамгаалах нь байгаль хамгаалагчийн үүрэг байх?

-Тайга бол тэр чигээрээ байгалийн ургамлын генофонд. Энд маш  богино хугацаанд ургамал нь ургаад алдардаг онцлогтой. Тэр хооронд 700-800-гаад төрөл зүйлийн ургамал ургадаг. Түүний дотор ардын анагаах ухаанд ашиглах эмт ургамлаас эхлээд сонгино, жимс гэх мэт ашигт ургамлууд олон бий. Нутгийн 300 гаруй иргэн зөвхөн жимснээс жилдээ 1-1.5 тэрбум төгрөгийн ашиг олдог. Ард иргэдэд энэ хэмжээний ашиг өгч буй газарт гал түймэр гаргахгүй хамгаална гэдэг тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч, иргэдийн амьдралд хэрэгтэй зүйл хийж байна гэсэн үг мөн биз? Манай байгаль хамгаалагчид 10 жилийн дотор гал түймэр гарах 90 голомтыг унтрааж, урьдчилан сэргийлсэн. Хэрэв 90 түймэр гарсан бол энэ нутагт юу үлдэх вэ. Юу ч үлдэхгүй л байхгүй юу. Тэгэхээр уул тайгад олон хоногоор явахдаа гарч болзошгүй түймрийн голомтыг мөнгө төгрөг гарздахгүй, хүн хүч нэмж дуудахгүй, хэрүүл уруулгүй унтраана гэдэг маш том гавьяа юм.

-Та анх Хөвсгөл нуурыг хамгаалах газарт ирээд мэргэжлийнхээ дагуу ямар судалгаа хийж байсан бэ?

-Төгсөж ирэнгүүтээ Хөвсгөл нуурын усны чанарт сөргөөр нөлөөлөх хүчин зүйлсүүдийг тодорхойлж байсан. Тиймээс Хөвсгөл нуурын баруун эргийн уулсад фосфоритын үйлдвэр барихаар хайгуул хийж байх үед нь татан буулгасан юм. Ингэснээр Хөвсгөл нуур аюулгүй болсон түүхтэй. Үүгээр ч барахгүй манай хамт олон Хөвсгөлийн хязгаар нутагт 50 дугаар өргөргөөс хойш уул уурхайн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй байх шийдвэрийг аймгаас гаргуулсан. Үүний үр дүнд Монгол орны хойд хязгаар байгалийн унаган төрхөөрөө үлдсэн юм.

-Та гурван бамбарууш тэжээж байгаа гэсэн. Хэр том болж байгаа вэ, хэзээ байгальд нь тавих вэ?

-Нэг бамбарууш нь Ховдын Дөргөн сумаас, нөгөө нь Хөвсгөлийн Цагаан-Уул сумаас, сүүлийнх нь Түнэл сумаас ирсэн. Яамнаас бамбаруушнуудыг Улаан тайгад тавих тушаал өгсөн юм. Эхний бамбарууш 10 дугаар сард ирсэн. Тэр үед энд аль хэдийнэ хүйтэрсэн байсан тул тавдугаар сарын хорьд гарахаар баавгайн эх оронд аваачиж тавина. Одоо том болоод сарлагийн бярууны дайтай болцгоосон. Ямар ч хүнийг ноолох вий.

-Тайгад бэртэж гэмтсэн зэрлэг амьтныг хэрхэн эмчилдэг вэ?

-Чадах ядахаараа авчирдаг л юм. Зарим нь амьдарч чадахгүй үхчихдэг. Гэхдээ зэрлэг амьтан ер нь байгальдаа байж эдгэсэн нь дээр юм билээ. Ноднин нохой бариад хөлийг нь хугалчихсан бор гөрөөс авчраад хөлд нь чиг бариад юмаар боогоод төмөр хашаан дотор тавихад хүн ойртохоор л үргээд хөлөө дахиад гэмтээчихэж байв. Түүнд орвол байгальдаа байвал цочиж үргэх нь бага, бэртсэн хөл нь ч түргэн бороолох байх. Өнгөрсөн намар далавч нь хугарсан хоёр хунг тайгын нууранд аваачиж тавьсан. Манайд хун өвөлждөг нуур байдаг юм. Таван дэгдээхийтэй хунгийн нэг дэгдээхий бэртчихээд нисэж чадахгүй, эх нь эргэлдэж эргэлдэж, аргагүй хүйтрээд дэгдээхийгээ орхиод явсан. Нөгөө хунг нь нутгийн малчин “Нууранд нэг хун үлдчихсэн, нохой барих гээд байна” гэж хэл хүргэсний дагуу очиж, бугуйлдаж барихад нэг дэвүүр далавч нь хугарсан байсан. Гуравдугаар сарын 20-доор аваачсан нуурандаа очиж эргэсэн, байцгааж байна лээ. Үлдээгээд явсан дэгдээхийгээ эх нь буцаж ирэхээрээ таних байх гэж бодоод байгаа юм.

-Та он гарсаар сар гаруйн хугацаанд Улаан тайгаас Хөвсгөл нуурын хамгаалалтын газар руу буцаж ирсэн. Энэ хугацаанд юу хийж амжуулсан бэ?

-Хөвсгөл нуурын эргээр амьдардаг 408 өрхөд “Нуурын эргээр загас барьсан нэг ч цооног байхгүй” гэж гарын үсэг зуруулаад, ус авах, малаа услахдаа шинэ цооног үүссэн эсэхийг анзаарч байхыг хүссэн юм. Хууль бус загас агнууртай тэмцэхэд нутгийн иргэдийн оролцоо их чухал гэж бодож явсны учир энэ ажлыг хийлээ.

“Хөвсгөл нуурыг хүн бүхэн өмгөөлнө. Улаан тайгыг би болон миний хамт олон өмгөөлнө”

-Та яагаад Улаан тайга руугаа буцсан бэ?

-Улаан тайгын эзэн Төмөрсүхийг буцааж авна гэж нутгийн иргэд хүссэн болохоор би буцсан. Хүмүүс “Төмөрсүх явбал Улаан тайга сөнөнө” гээд байсан юм. Тэгээд сайд “Улаан тайга руу буцах уу?” гэхэд “За” л гэсэн. Яагаад би “За” гэв гэхээр Хөвсгөл нуурыг хүн бүхэн өмгөөлөх байхгүй юу. Нүдэнд ил байдаг учраас нутгийн иргэд, жуулчид, сэтгүүлчид, байгаль хамгаалагчид нуурыг хамгаална. Буруу зүйлийг зогсоохыг шахна, шаардана, бичнэ. Харин Улаан тайгыг өмгөөлөх хүн байхгүй. Яагаад гэвэл хүн очдоггүй газар. Болж бүтэхгүй, хууль зөрчсөн үйлдэл үргэлж олны нүднээс далд болно. Ямар ч цагдаа очиж чадахгүй. Тийм болохоор Улаан тайгаа би өмгөөлөх ёстой, миний хамт олон өмгөөлөх ёстой гэж тийм зоримог байгаа юм.

-Тайгыг хамгаалах залуу залгамж халаа байхгүй. Гэхдээ та нар өөрсдийн хүүхдүүдээ тайгад дагуулж явж сургах, хүч дутсан үед дэмжлэг авдаг уу?

-Байгаль хамгаалахад бичигдээгүй нэг хууль байдаг. Тэр нь байгаль хамгаалагчийн гэр бүл, үр хүүхэд бүгд байгаль хамгаалагч байж, ил, далдаар байгалийн эсрэг үйлдэлтэй тэмцэгч болдог. Цаашдаа байгаль хамгаалагчийн хүүхэд зориглоод энэ ажилд орвол их сайн. Тэд гэр дотроо маш сайн бэлтгэгдсэн байдаг. Энэ ажил ямар хэцүү байдгийг, шантрахаар, сонирхомоор юм нь юу байдгийг маш сайн мэддэг. Ийм жишээ одоогоор ховор л байна.

-Таны талийгаач хүү энэ л замналаар явж байсан байх, тийм үү?

-Манай талийгаач хүү байлаа. Одоо өөр нэг хүү маань Хөвсгөл нуурын байгаль хамгаалагч хийдэг. Ажиллаад хоёр жил л болж байна л даа. Алсыг нь хараад байхад хэлж хийгээгүй ч хараад суралцчихсан, байгаль хамгаалалд оролцох сонирхолтой хүн байна. Байгаль хамгаалах ажил их сонин л доо. “За бидэнд юу тохиолдлоо, юу боллоо, яалаа даа. Чи боль” гэж хэлж болдоггүй юм. Харин ч хийх ёстой гэсэн бодол миний дотор байдаг. Бид нар явахгүй бол өөр хэн явах вэ, бид шантрах юм бол хэн шантрахгүй байх вэ гэдэг бодол төрөөд байдаг юм. Бид нар л зовлон жаргалыг нь мэдэх юм чинь хаширч, шантарч болохгүй гэсэн дотоод шийдвэр бий.

-Нийгэмд олон үйл явдал өрнөж, залуус жагсаж байна. Олон хоногоор тайгад явахдаа ийм нийгмийн асуудлыг сонирхдог уу?

-Сонирхолгүй яах вэ. Бид нар улс төр, нийгэм, эдийн засгийн бүх асуудлыг сонирхдог. Энэ бүгдтэй байгаль орчны асуудал шууд уялддаг юм. Улс төр, нийгмийн нөхцөл, ядуурал, зуд турхан байгалийн нөхцөлөөс бүх юм хамаарна. Сая ковид гараад бүх хүн ажилгүй, сургууль соёл амраад хөдөө гарчихсан даа. Тэгэхээр хүүхдүүд ирээд малчид завтай болчихож байгаа юм. Завтай малчин яах вэ гэхээр хулгайн ан хийнэ, алт ухна. Тэгэхээр энэ хөл хорио, амралт байгаль хамгаалалд сөрөг болсон. Төрөөс иргэдийг гэрээсээ ажилла гэсэн шийдвэр гаргаад байдаг. Тэгэхээр ууланд ойрхон хүмүүс завтай болчихно. Тиймээс бид тэгэх тусам л уул руугаа явах хэрэгтэй. Эдийн засаг хямарвал хүмүүс бас л уул руугаа явдаг. Хууль бус ан хийнэ, самар, жимс түүнэ. Тэгэхээр эдийн засгийн хямрал байгальд сөргөөр нөлөөлж байгаа юм.

   Ер нь орчин үеийн байгаль хамгаалагч өмнөхөөс ондоо болох хэрэгтэй. Урьд нэг малчин калибртай ан хийдэг байсан бол одоо нисдэг тэрэгтэй, дронтой, дуунаас хурдан завьтай ан хийж байна. Тэгэхээр шинэ шинэ зүйлсийг байгаль хамгаалагчид сурч, дуулж, өмнөхөөс ондоо болох хэрэгтэй болж байгаа юм. Байгаль хамгаалагчийн ажил үүрэг, ажиллах нөхцөл хүндэрч байхад тэдний цалинг ТЗ-ийн хоёроор биш наймаар бодох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.