images

Д.Болдхуяг: “Сүмтэй бударын чулуу” Р.Чойномыг дахин таниулж, яруу найрагт эзлэх ёстой байр суурийг нь эзлүүлсэн

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-11-25


“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн дугаарт “Болор цом”-ын эзэн яруу найрагч Дорж-Юндэнгийн Болдхуяг оролцож Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу” номын тухай ярилаа.

     Хүнд дуртай ном олон. Харин надад хамгийн их нөлөө үзүүлсэн ном гэвэл “Сүмтэй бударын чулуу” байж мэднэ. Хүүхэд насанд тохиолдсон явдал хүний сэтгэлд гүн сууж үлддэг дээ. Энэ ном 1989 онд хэвлэгдэхэд би 12 настай байж. Хуучин нийгмийн үед улсаас номыг олноор хэвлэдэг байлаа. Тэгж олноор хэвлэсэн сүүлчийн номын нэг болов уу. Социализмын сүүлийг мушгиж Р.Чойномын дотнын найз Ш.Сүрэнжав гуай шүлэг найраглалыг нь эмхэтгэж гаргасан юм.

Тэмүүлэл

   Би энэ номыг 1989 онд шууд уншаагүй, харин 1994-1995 оны үед их уншсан юм. Шүлэг бичиж эхлээд, ирээдүйд яруу найрагч болохыг мөрөөдөж асан тэр үед минь надад их тэмүүлэл өгсөн дөө. Ер нь хүн “Би шүлэгч болно” гээд шууд л анхны шүлгээ бичдэггүй. Ихэнхдээ анхны дурлалтайгаа учрахаар түүндээ зориулж шүлэг бичих гэж оролдоно. Яг тэр үедээ л энэ номыг уншсан. Тухайн үедээ би “Сүмтэй бударын чулуу” номын хоёр ч хэвлэлийг навсайтал уншиж дуусгасан санагдана. Доторх шүлгүүдийг нь цээжилье ч гэж бодолгүй, дурлаж уншсаар байтал нэгд нэггүй цээжилчихсэн байж билээ. Ном хоёр бүлэгтэй. Эхнийх нь шүлэг, хоёр дахь нь найраглалууд. Том найраглалуудыг нь биш ч гэсэн бүх шүлгийг нь цээжилсэн.  

   Зарим судлаач, яруу найрагч Р.Чойномыг гудамжны шүлэгч гэдэг. Би тэгж боддоггүй. “Хамгийн сайхан ваарыг энгийн шавраар зуурдаг. Хамгийн сайн шүлгийг энгийн үгээр бичдэг” гэж Р.Гамзатовын үг бий. Р.Чойном ил цагаан үгтэй, хэлэх гэсэн санаагаа шууд хэлчихдэг, реалист ай савд багтах ийм л шүлэгтэй. Р.Чойном маш цэцэн. Ижил утгатай үгээс яг оновчтойг нь сонгодог. Дардсаар бол арвын тоон дээр үгээ зоодог. Түүний шүлгийг үеийнхэн нь, дараагийн үеийнхэн нь ч даган дуурайж л байлаа. Би Р.Чойномыг онцгой билиг авьяастан гэж боддог. Тэр үед би Р.Чойномоор өвчилсөн байж дээ.

   Хүн ер нь аливаа юмыг сурахдаа бусдыг үлгэрлэн дуурайж эхэлдэг. Би ч эхэндээ Р.Чойномыг дуурайж их бичсэн. Хожим утга зохиолын дугуйланд явж багштай болсныхоо дараа өөрийнхөө өнгө аясыг олсон. Эхэндээ бусдыг дуурайдаг ч, яваандаа хэнийг ч дуурайхыг хүсэлгүй өөрийнхөө онцгой содон өнгийг олох гэж хичээж тэмүүлдэг юм билээ.

“Сүмтэй бударын чулуу”

   Миний санахаар айл бүрд энэ ном байсан. Ш.Сүрэнжав гуай номыг нь хэвлэснээр, мартагдсан Р.Чойном нас барснаасаа хойш арван жилийн дараа эргэн ирж, монголчууд энэ хүнээр ахин бахархаж, хүн бүр ярьж, энэ номын нөлөөгөөр түүнд Төрийн шагнал нэхэж олгосон гэж би ойлгодог. Өмнө нь хүн бүр түүнийг мэддэг байгаагүй юм. Харин энэ ном Р.Чойномыг дахин таниулсан. Түүний Монголын яруу найрагт эзлэх ёстой байр суурийг эзлүүлсэн ч гэж боддог. Энэ ном хэвлэгдсэнээр ганц манай улс төдийгүй Өвөр Монголд Р.Чойномыг бахархан уншиж, шүтэн биширдэг болсон юм. Өвөр Монголын алдартай ах дүү гурван хүн байдаг. Том ах нь Солонгод Л.Чулуунбаатар гэж Р.Чойном шиг хурц бичдэг, задгай авьяастай яруу найрагч байгаад өөд болсон. Дундах нь Л.Хурцбаатар гэж том эрдэмтэн Германд ажиллаж амьдардаг. Дүү Л.Хасбаатар нь Улаанбаатар их сургуульд багшилж байхдаа Р.Чойном судлалаар доктор хамгаалсан, одоо Өвөр Монголын их сургуульд багшилдаг хүн бий. Ингэж Өвөр Монголд Р.Чойном мандсан нь “Сүмтэй бударын чулуу” номын л нөлөө.  

   Энэ номд олон сайхан шүлэг бий.

“Тугийн тухай шүлэг бичлээ гэж

Тун ч олон хүн намайг гайхаж магадгүй” гэсэн шүлгээр ном эхэлдэг. Монголын яруу найрагт сайны жишээнд ордог “Хүн танаа” гэж шүлэг бий.

“Бор зүрхний минь алтан ураг болж

Бодлын хүйгээр холбоотой төрсөн

Надаас хойчийн хүн танд 

Найрагчийн эрхээр хэлэх үг байна” гэжс шүлэглэсэн. “Залуу нас” гэдэг алдартай шүлэг нь бий. Гурав дөрвөн янзын “Бяцхан сургаал”, хайр дурлалдаа шатаж явахдаа Цэрэндулам, Нинадаа  зориулсан шүлгүүд нь байдаг.

“Сүмтэй бударын чулуу”-г уншаад бараг гучин жил болж байхад мартагддаггүй нэг шүлэг байна. Энэ бол “Миний Монгол” найраглал.

“Мянга мянган жилээр миний гэж хэлэлцсэн
Мяралзах зэрэглээг хэрчиж морин туурайгаар хэмжсэн
Алхаж хэн ч эзлээгvй алтан босгот өргөө
Атар баян орон Азийн цээжинд байдаг юм” гээд ахиад арван таван минут уншчихаар л байна.

Р.Чойном

     Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн тэргүүн, “Жиком пресс” компанийн Д.Ганболд ах сүүлд “Сүмтэй бударын чулуу”-г дахин хэвлэсэн байна лээ. Би энд тэнд явахдаа Р.Чойномын номтой таарвал баярладаг юм. “Сүмтэй бударын чулуу”-г уншсаныхаа дараа “Би эхнэр авахгүй”, “Хоноцын хүүхэд”, “Уяхан Замбуу тивийн наран” зэрэг түүврүүдийг нь номын санд сууж уншдаг байв. Төрд тэрслүү гээд номуудыг нь амар хэвлэдэггүй байсан. Социализмын хаалттай цаг үед ам дамжин уншигдаж, дэвтрээс дэвтэрт хуулагдаж байсан шорон, янаг амрагийн тухай шүлгүүд Р.Чойномынх мөн үү, биш үү гэдэг нь баримттай биш. Ялангуяа хүмүүсийн ам дамжиж яригддаг нэг бодлын хошин ч юм шиг, нөгөө бодлын гашуун ч юм шиг хоёр гурван шүлгийг би түүнийх мөн гэж боддог. Р.Чойном шиг цэцтэй хүн л тэгж бичнэ. Саяхан нэг хурал дээр Д.Ганболд ахтай таараад “Энэ шүлгүүд танд байдаг уу, өөрийнх нь шүлэг мөн гэж боддог уу” гэж асуусан юм. “Байхгүй, би Р.Чойномынх биш байх гэж боддог” гэж, болгоомжилсон өнгө аясаар хэлж байна лээ.

   Р.Чойном маш олон найзтай байсан. Гэвч “төрд тэрсэлж”, орон шоронд орохоор нь зарим нь түүнээс нүүр буруулсан байдаг. Тэднийг буруутгах аргагүй л дээ. Гэр бүл, ажил амьдралаа бодолгүй яах вэ.  

“Хаан ширээ рүү таван зуун жил гэтээд

Хатан Мандухайд тархиа хага цохиулаад

Хувиа бодож суусан Дөрвөн Ойрадын үлдэгдэл

Хувьсгалын далимаар эзэн ширээнд гарсан юм” хэмээн Ю.Цэдэнбалыг дайруулж бичсэнээсээ болж шоронд орсон хүн. Ийм хүнтэй ойр байх хэцүү байсан биз. Ихэнх нь холдож байсан тэр үед Ш.Сүрэнжав зэрэг зарим найз нь үнэнч хэвээрээ үлдсэн гэдэг. Ш.Сүрэнжав гуай ихээхэн эр зориг гаргаж байж энэ номыг хэвлүүлсэн байх аа. Түүнээс нүүр буруулалгүй үлдсэн нөхөд нь нас барсных нь дараа нүүрний хэвийг нь авч үлдсэн. Эрхбиш энэ хүн эгэл биш гэдгийг ухамсарлаж байж. Энэ эрх чөлөөтэй цагт алдартнуудын нүүрний хэвийг тэр бүр авахгүй байхад, тэр хатуу чанд цагт нууцаар ч болов авч үлдэж чадсан байна.

Хувь хүн

     Манай зарим авьяастан энэ нийгэмдээ амьдрах чадваргүй байдаг. Авьяасыг нь хайрлаад найз нөхөд нь сайхан ажилд оруулаад өгөхөөр өөрөө архи ууж, амьдралаа үрж явдаг. Цаана нь эхнэр хүүхэд нь хичээгээд байхад архи уугаад, нэмэр байдаггүй. Чойном, Чойном гээд тэр хүн бурхан биш. Тухайн нийгэмдээ амьдрах чадваргүй, арчаагүй, хариуцлагагүй талдаа хүн байсан болов уу гэж боддог юм. Аяыг нь олж амьдарвал аргатайхан л хорвоо шүү дээ. Намыг аялдан дагахгүй юм гэхэд харааж зүхэхгүйгээр явсан бол илүү олон бүтээл туурвиж хэвлүүлэх байж дээ гэж халаглан бодох үе бий.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.