Г.Аюурзана: “Баавгай”-г уншаагүй өнгөрвөл амьдрал хайран
Миний дуртай ном
2023-12-29
“Миний дуртай ном” булангийн өнөөдрийн дугаарт зохиолч, яруу найрагч Г.Аюурзана оролцож Америкийн алдарт зохиолч У.Фолкнэрийн “Баавгай” туужийн талаар ярилаа.
“Баавгай”-н уг эх нь бол “Буугаад ирээч, Мосэ” (Go down, Moses) гэсэн нэрээр гарсан түүвэрт анх багтсан гэдэг. Ийм нэртэй их алдартай дуу бий. Луи Армстронг маш гоё дуулсан даа. XIX зууны үеийн харуудын сүмийн дуу юм шиг билээ. Фолкнэрийн ном бол харин дуу зохиогдсоноос бүр хожим, 1942 онд, Пол Маккартнийг төрж байх үед л уншигчдын хүртээл болж эхэлсэн зохиол шүү дээ.
Тэр өгүүллэг, туужийн түүвэр бол бас их өвөрмөц ном юм. Монголоор бүрэн бий. Фолкнэрийн зохиолуудаас өөрийнхөө орчуулгыг түүгээд тусад нь хэвлүүлэхдээ би харин “Өвгөд” гэж нэрлэсэн. Тийм нэртэй өгүүллэг чинь мөнөөх түүвэрт л байдаг юм. Тэндээс “Баавгай” хэмээх богино роман (тууж) үнэхээр онцгой бүтээл. Энэ бэсрэгхэн зохиолыг агуу гайхалтай эд шүү гэж би байнга л энд тэнд ярьж явдаг. Хүмүүс заримдаа надад итгэдэггүй ч юм уу, өөдөөс нэг л сонин хараад байдаг юм. Харцаа буруулсан үед минь шоолж мушилздаг ч байж мэднэ.
Онцгой бүтээл гэдгийг нь би өөрөө нээж олсон юм биш ээ. Миний төгссөн, Москвагийн Утга зохиолын дээд сургуульд Станислав Жимбинов гэж халимаг профессор байлаа. Тэр хүний тухай тусад нь ном бичсэн ч болохоор, үнэхээр гайхалтай багш байсан даа. Манайд Өрнийн уран зохиол ордог байсан юм. Манай сургуулиас гадна МГУ-д, ВГИК-д гадаадын уран зохиолын лекц уншдаг, байсхийгээд барууны том том их сургуулиудад уригдаж Оросын уран зохиолын лекц уншдаг хүн байв. Жимбиновын лекцүүд гэдэг ном хэзээ нэгэн цагт гарах байх, гарвал заавал олж авна даа гэж боддог юм. Тэр багшийн хичээлийг бараг л таслаагүй ч, санаандаа авч үлдсэн юм маань чамлалттай санагддаг. Станислав Бэмовичийн аав нь туульч байсан юм билээ. Дөрвөд хүн л дээ. Түүний ч нөлөө юм уу, лекцээ үлгэр домог, эсвэл өөртөө тохиолдсон явдлуудыг хүүрнэж байгаа юм шиг л урсгачихна. Ой санамж нь “аймаар”. Ж.Жойс, М.Прүст, Ф.Кафка гурвын тухайд бол юу ч асуусан, нэвтэрхий толь л гэсэн үг. Амьдралаас нь ч, зохиолуудаас нь ч… Ямар нэгэн конспект бэлдсэнээ сөхөж байсныг нь би л лав санадаггүй. Тэгсэн хэрнээ зохиол дотроос хамгийн чухал өгүүлбэрүүдийг онож сугалан эш татахыг нь яана! Тэгээд шим шүүсийг нь амтагдтал задлан, өөрийн мэдэрсэн бүхнээ хуваалцана. Энгийн цагтаа дуу шуу муутай тэр хүн гоё зохиол яриад эхлэхээрээ зогсохгүй, онгод нь орсон бөө шиг л... Фолкнэрийн тухай лекц дээрээ “Баавгай” туужийг бүр нэг амталж байгаа юм шиг шүлсээ залгин ярихад нь ховсдуулсан би тэр оройгоо л номын сангаас авч уншаад, үнэхээр л амьдралынхаа нэгэн гайхамшигтай учирсан даа. “Баавгай”-г яг тэр өдөр, Жимбинов багшийн яриа сэтгэлд хөрөөгүй бүлээнээрээ байхад уншаагүйсэн бол хүүрнэл зохиол гэж яг юу болохыг хэзээ ч танилгүй өнгөрчих байсан юм шиг одоо санагддаг.
Туужийн хувьд бол том биш. 4 бүлэгтэй. Гэхдээ яг эх нь 5 бүлэгтэй байдаг юм. Фолкнэр өөрөө сонгодог хүүрнэл зохиолч мөртлөө бас модернист хэв маяг их туршдаг, тухайн цагийнхаа авангард тал руу нөхөр байсан. Энэ туужийн 4 дүгээр бүлэг ухамсрын урсгалын хэлбэрээр бичигдсэн. Яг л “Үлисс”, “Алдуул цагийн эрэлд” энэ тэрэрхүү, бас их явдалтай шүү. Би орчуулахдаа тэр хэсгийг нь алгасчихсан юм. Ингэж алгассанаа тухайн үедээ бол уншигчдад ойлгомжгүй, ярвигтай хэсгийг нь зориуд тойрлоо гэж зөвтгөх маягаар тайлбарлаж байсан. Үйл явдлын хувьд ч гол урсгалаасаа салаад явчихсан юм шиг хэсэг л дээ. Гэхдээ одоо бодоход, буруу зүйл хийсэн мэт санагдаад гэмшдэг. Мэдээж, энэ алдаагаа засч, ухамсрын урсгалын адармаатай өгүүлэмж бүхий тэр хэсгийг нь нэмэх юмсан, далимд нь орчуулгаа ч эргэж сайн нягтлах юмсан гэж бодсоор л яваа. Санаж явбал болно, сажилж явбал хүрнэ гэдэг байх аа?
“Баавгай”-н гол баатар бол Айзек Маккаслин хэмээх жаалхүү юм. Багаасаа өнчирч авга ахынхаа асрамжинд өссөн түүний төлөвшилд онцгой нөлөө үзүүлсэн хүн Сэм Фадерс хэмээх индиан анчин. Айзек түүний дэргэд өссөн тул индиан хэл ч мэднэ, эртний ёс заншилд ч гүн хүндэтгэлтэй хандана, байгальд хайртай сэтгэл нь түүнийг иргэншлийн муу нөлөөллөөс бэргэдэг нэгэн болгож буй нь зохиолоос илт харагддаг. Хамгийн гол нь жаалхүү хүн ёсонд индиан өвгөнөөс суралцдаг. Бусад ахан дүүс, хамаатан шахам болчихсон нөхөд нь тэр талаараа жаалхүүд гологддог. Ер нь л нааш татаад ярих юм бол монгол хүнийг яаж монголоор нь өсгөн хүмүүжүүлэх вэ гэдгийн америк маягийн загвар болчихмоор, тийм л зохиол доо.
Үйл явдал нь цомхон. Хөгшин Бэн хэмээн алдаршсан аварга бөгөөд хашир шар маахайг жил бүр авлах гэж анчид хөөцөлддөг. Энэ хөөцөлдөөн жаалхүүг төрөхөөс ч өмнө эхэлсэн ч, эцсийн өдрийг нь жаалхүү яг дэргэдээс нь харж таардаг. Зохиолд гарч буй баавгай ч, ноход ч, хүмүүс ч гайхамшигтай. Шууд л нүдэнд харагдаад эхэлдэг. Би зохиолыг анх уншиж эхлэхдээ манай Айзек л алагдашгүй, ялагдашгүй, домогт баавгайг агнах нь дээ гэж хүлээж билээ. Гэвч сайн зохиолд зүй тогтол байдаггүй. “Баавгай” бол зүй тогтолгүй, яг л амьдрал дээр болж байгаа юм шиг л үйл явдал нь нүдний өмнүүр өрнөөд алга болдог, нэг л мэдэхнээ бүх зүйл дуусчихсан, чи зүгээр л алмайрчихсан зогсож байдаг, тийм л ид шидтэй зохиол.
Жинхэнээсээ орж уншиж чадсан хүн бол энэ туужийг уншаад дуусахдаа уншаагүй явсан үеэсээ юутай ч нэг урт амьсгаа авахуйц хэмжээнд оюун санааны хувьд ч, хүн чанарын хувьд ч ахисан байх болно. Зарим зохиол хүнийг уруу татдаг. “Баавгай” бол хүнийг хүнийх нь хувьд эрс өөд татдаг зохиол шүү. Үүнээс илүү яриад юүхэв биз дээ? Багадаа кино бишгүй л ярьсан, одоо зохиол ярихаас халгадаг. Зүгээр л уншаарай, заавал шүү! Ийм зохиол алгасчихвал амьдрал тун ч хайран, дэмий өнгөрч магадгүй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.