Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ: “Газар шороо” романд манай нутгийг маш сайхан үгээр бичсэн
Миний дуртай ном
2023-11-28
Сүхбаатар аймагт номын худалдаа гэж нэг дан байшин байсан юм. Тэнд 1976, 1977 оны үед “Газар шороо” роман ирж нэгдүгээр дэвтрийг нь худалдаж авлаа. Ес билүү арван төгрөг хэдэн мөнгөний үнэтэй байсан санагдана. Өнөөхөө өдөр шөнөгүй уншиж дуусгачхаад “Яаж дараагийнхнийг нь олно оо” гэж санаагаар унана шүү дээ. Тэгж байгаад дараагийн дэвтрийг нь яруу найрагч Данзаннямын Шагдарсүрэнгээс авч уншсан даа. Тэр үед бид ном дамжуулж их уншина. Ном ч олон ирэхгүй. Цөөхөн хэд л ирнэ. Тэгэхэд би хорин хэдхэн настай байсан юм. Түүнээс бага байхад бол хонио хариулж яваад харганын толгойд ном, сонины тасархай байхыг үзвэл их баярладаг байлаа. Мөн намайг багад ноорхой болсон “Мянга нэгэн шөнийн үлгэр”-ийг айл бүр л дамжуулж уншдаг байсан даа. Одоо бол манайх хоёр мянга шахам номтой.
“Газар шороо” романыг уншсан минь учиртай. Би их ээж амьтай, нутаг амьтай хүн. Романыг бичсэн Дүгэржавын Маам манай Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумынх. Тэгээд романаа Дарьгангын түүхэн хүмүүст түшиглэж бичсэн гэдэг. Миний эмэг эцэг Дарьгангаас халхад нүүж ирсэн. Д.Маам ах “Газар шороо” романаа манай нутгийн Дарьганга аялгаар тансаг яруу бичсэн. Үгийг сайхан сонгож бичнэ гэдэг өөр юм билээ. Яруу найраг шиг л. Мань мэт шиг хөдөөний хүүхдүүдийн хүсэж хүлээдэг сайхан үг гэж байна шүү дээ. Яг тэрийг л олж бичжээ.
Миний нутаг их сайхан тал газартай. Бага байхад олон зээртэй байлаа. Тэгээд шивээн толгой их өндөр ургадаг. Тэгэхээр тэр өндөр шивээн толгойн дундуур гүйж яваа зээрийн нуруу л цухуйж харагдана. Яг энийг дүрсэлж зохиол эхэлдэг.
Мөн манай нутгийнхан өвөрмөц хэллэгтэй. “Бух Дагдангийн ээж аазай болсон хүн байсан” гэж бичсэн байдаг. “Аазай” гэдэг нь их настай болжээ гэж байгаа юм. Хошуу ноён Сономдовдон цагаан Долгор гэх ганц бие эмэгтэйг дарж байхтай Хангай базар таарч Сономдовдонгийн ар шилнээс нь татаад “Эр хүн ер нь хоёр улаан хоолойгоо захирч явах хэрэгтэй” гэдэг. Сономдовдон сандарч мэгдсэндээ “Юу, ямар улаан хоолой” гэж лавлахад “Яагаа вэ, чиний унжиж явдаг улаан хоолой, ууж иддэг улаан хоолой” гэж хариулдаг юм. Хүнийг сэрхийлгэсэн тийм үгээр бичнэ. Манайхан чинь хуучин зүүн гар хоньчин, баруун гар хоньчин, тэмээчин гэх мэт байсан юм билээ. Яг түүгээр нь л бичжээ. Баруун, зүүн гар тэмээчин гэх мэтээр. Бух Дагдан цагаан Долгортой сүүлд ханилдаг. Тэгсэн нэг өдөр Долгор нь “Миний өөшхөө одоо л эр хүн болж байна даа” гэдэг юм. Өөшхөө гэдэг нь одоогийнхоор бол үеийн хүн, найз гэсэн үг л дээ. Зохиол дотор иймэрхүү дарьганга үг олон бий.
Залуу байхдаа анх уншсан болоод ч тэр үү Хангай Базарын дүрд дуртай. Маш сайхан. Түүний яриа яг л манай Дарьгангын хөдөөний хөх эрчүүдийнх шиг. Ярьж байгаа нь, өөртөө андгайлж байгаа нь яг тийм. Дарьганга эрчүүд л тийм үг хэлцдэг юм шүү дээ. Хангай Базарын морь унаж яваа байдлыг нь хазгайдуухан суугаад, их элбэг дээл өмссөн, дээлийнхээ энгэрийг задгай тавьж, урт ташуур барьсан гэж дүрсэлдэг. Тэгэхээр чинь, Хангай Базарыг том сайхан биетэй, хүрэн бордуу царайтай их гоё хүнээр төсөөлж байгаа юм.
Нутагт нь тариа ногоо тарихаар хятадууд газар хагалж байхад Бух Дагдан, Хангай Базар нар олон адуу тууж ирээд хагалсан газрыг нь эдгэтэл нь адууны хөлөөр талхлуулчихдаг. Тэр дүр зураг нүдэнд харагдаад л байна. Хэзээ ч мартдаггүй. Гоц гойд санагддаг байлаа.
Уг номд буруу Цолмон гэж хүн гардаг. Айлын эрх ганц хүү. Тэр номоос хүүхдээ их эрхлүүлж болохгүй юм байна гэдгийг ойлгож байсан. Буруу Цолмон айлын тооноор хүртэл ордог. Номд Ичин гэж авгай гардаг даа. Цэвцэгдаринаа гэдэг охинтой. Охиноо Бээжийн Даш гэх хятад хөгшин эртэй суулгах гэдэг. Тэр их муухай. Эх, үр хоёул шуналтай. Яана даа л гэж бодож гунигладаг байв. “Мянган лангийн дор бэр хүн сөхөрдөг” гэж үг бий. Цэвцэгдаринаа хүнд өмсгөл зүүсгэлээ өмсөж суусаар ухаан алдаж унана. Дарьгангын толгойн гоёл тийм хүнд. Миний одоо өмсдөг түүнийг бодоход гайгүй л байх. Минийх арван килограмм шүү дээ. Ар мөрний гуу, шалиг, саваа гуу бүгд нийлээд тийм. Ухаан алдаж унахыг бодоход тэрнээс хүнд байсан байж таарна.
Д.Маам ах дэлхийд нэртэй дипломат хүн. Гадаадад элчин сайдаар суух завсраа энэ сайхан зохиолуудаа бичиж байлаа. Д.Маам ахын ханийг Дунгаамаа гэнэ. “Дуулж л явна даа, Дунгаамаа аа” гээд л дуу зориулж бичиж байлаа шүү дээ. “Газар шороо” романыг бичихэд Дунгаамаа сайн хавсарсан” гэж номын ард бичсэн байсан даа. Тэр үед бичгийн машинаар цохьдог байлаа шүү дээ. Дунгаамаа эгч ажлаасаа тарж ирээд хоол цайгаа хийчхээд зохиолыг нь бичиж өгдөг байж. Д.Маам ах бол үргэлжилсэн үгийн зохиолчдоос миний үнэлдэг зохиолчдийн нэг. Би зохиолчдийг үнэлэх хүн биш боловч миний хувьд үнэ цэнтэй үг хэлдэг зохиолч доо. Мөн 1967 онд Өвөрмонголд эхэлсэн соёлын хувьсгалын талаар “Гишгэх газаргүй хөл” гэж их сайхан зохиол бичсэн. Зохиолуудыг нь уншиж газар нутгийнхаа төлөө санаа зовж өслөө. Одоо ч тийм хэвээрээ. Хүн бүр газар шорооныхоо төлөө тэмцэх байх. Би ч тэмцэнэ.
Социализмын үед бүх л зохиол болж бүтээд л төгсдөг байлаа. Хэдэн сайхан гол дүр нь сайхан амьдарч, газар нутгаа бүрэн бүтэн авч үлддэг дээ. Энэ сайхан зохиолыг одооний хүүхдүүд нэг уншчихаасай гэж хүсдэг юм. Сүүлд Д.Маам агсны гэргий нь хүү М.Тулгатайгаа хамтраад орчин үед тохирсон их сайхан хавтастай гурван боть болгожээ. Тэр хэвлэлийг нь би мөн л дахин дахин уншсан. Ахиж хэвлэсэн юм чинь хүүхдүүд уншья гэвэл олдоно байх. Надад бол шинэ, хуучин аль аль нь бий. Зохиолоос хүний сайхан чанар, хүн байхын тухай, газар нутгийнхаа төлөөх тэмцлийн тухай уншиж мэдэх хэрэгтэй.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.