Жүжигчин Мүн Га Ён эмэгтэйчүүдийн их сургуульд 75000 доллар хандивлажээ
Анд нөхдийн мэдээ
2024-09-04
Өмнөд Солонгосын жүжигчин Мүн Га Ён “Ева” эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвд 100 сая вон буюу 75 мянган долларын хандив өгчээ. Энэ мөнгө өнгөрөгч гуравдугаар сард түүний хэвлүүлсэн анхны эсээний ном болох “PATA”-гийн борлуулалтын орлогын нэг хэсэг аж. Гэвч Өмнөд Солонгосын хэвлэлүүд хэвлэлийн салбараас ийм хэмжээний ашиг олно гэдэгт эргэлзэж нягтлахад хэвлэлийн компани “100 сая воны орлого олсон гэдэг нь үндэслэлгүй зүйл биш” гэжээ. Улмаар зохиолчид зарагдсан номын үнийн дүнгийн 10 хувийг авах нь түгээмэл байдаг хэмээн үзэж 22000 воны үнэтэй “PATA” номын 2200 вон нь Мүн Га Ёнд очно хэмээн тооцоолсон байна. Ингэж бодоход ойролцоогоор 45500 хувийг борлуулж байж 100 сая вонд хүрэх аж. Жүжигчин бүсгүй номынхоо урьдчилсан захиалгыг авч эхэлснээсээ хойш ердөө нэг өдрийн дараа хоёр дахь хэвлэлээ эхлүүлсэн бөгөөд ном нь Өмнөд Солонгос төдийгүй Тайвань, Индонезид хэвлэгдэхээр болсон юм. Энэ ном хэвлэгдсэн даруйдаа “Kyobo” номын дэлгүүрийн шилдэг борлуулалттай номын дөрөвдүгээрт жагсжээ. Мүн Га Ён нь Германд төрж өссөн, англи, герман, солонгос хэлтэй, номын хорхойтон, жүжигчин, модель бөгөөд “Dolce & Gabbana” брэндийн төлөөлөгчөөр ажилладаг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.