images

10 баримт: "Эртний сайхан"

Н.Ариунсайхан

10 баримт

2022-11-24


"Эртний сайхан" дууг хуучцуул "Чингисийн төрийн сүлд дуулал" хэмээн ихэд хүндэтгэж иржээ.  Өнөө цагийн төрийн хүндэтгэл ёслолын арга хэмжээг нээн эхлүүлдэг энэ дууны талаар 10 баримт.

1. 1930-аад оны үеэс энэ дууг мартагдах шахаж байсныг 1936 онд алдарт дуучин Магсар хурцын Дугаржав уртын дууны түүвэр номондоо оруулж, дараагийн үедээ залгамжлуулан үлдээжээ.

2. Энэ дууг олон хувилбараас нь хамгийн эртний эхийг нь сонгож, хуучин ая аялгуугаар нь дуулж олны хүртээл болгосон хүн бол уртын дуучин М.Дорждагва юм.

3. Эртний сайхан уртын дууны түрлэг, шүлэг, аялгууг Мөрринчен аварга, Магсар хурцын Дугаржав, Жунай дууч, М.Дорждагва, Дамдиндорж, Адьяа, Загдсүрэн, Цэвэгдорж нар дараа дараагийн үедээ уламжлуулан хүргэхээр бичиж, судалсаар иржээ.

4. Энэ дууг хурим найр, томоохон арга хэмжээн дээр дуулахаас гадна төрийн хүндэтгэлийн дуу гэж үздэг тул эмэгтэй хүн дуулдагүй байжээ.

5. Дууны үгийг Хэнтийн Галшарын Өвгөн ноён Пүрэвжавын ач хүү Гүний Гомбосүрэнгээс 1964 онд яруу найрагч Баасанжав авч өөрчлөн Баасанжаваас Соёл урлагийн их сургуулийн хүндэт профессор, уртын дуучин Ц.Дэлгэр авч  дууг гурван түрлэг болгон олны хүртээл болгожээ.

6. Уртын дуучин М.Дорждагва Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулж, 2012 онд морин хуурч Б.Баттулгатай хамтран монгол төрийн есөн айзам уртын дууг бүрэн эхээр нь дуулж “Монгол төрийн уртын дуу” нэртэй цомог гаргасан. Үүндээ энэ дууг нийт долоон түрлэгтэй, 40 шахам минут үргэлжилдэг болгосон юм.

7. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн архивт байгаа “Зуны зуслан” гар бичмэл дэвтэрт энэ дуу “Эртний сайхан ерөөл” хэмээн тэмдэглэгджээ.

8. Уртын дууг айзам дуу, шашдир дуу, бэсрэг дуу, суман уртын дуу гэж дөрөв хуваадаг. "Эртний сайхан" бол айзам уртын дуу бөгөөд энэ нь дуучнаас маш их хоолойн цараа шаарддаг аж.

9. Монгол шүлгийн  дундаж мөр нь долоогоос найман үе байдаг бол айзам дуунд 12, 18 үе, эсвэл хоёрхон үгнээс ч бүтсэн мөртэй байдаг. Бадаг нь толгой холбож,  хайрцагладаггүй.  Гүн утга чанартай учраас мөр нь ийм тийм байна гэж тоолох арга байдаггүй гэнэ.

10.“Эртний сайхан”-ыг хамгийн анх төрийн хүндэтгэлийн тоглолтон дээр дуулсан эмэгтэй хүн бол уртын дуучин Ч.Шархүүхэн юм. Тэрбээр 1983 онд энэ дууг төрийн хүндэтгэлийн тоглолтон дээр дуулахад тухайн үеийн хамт дуулж байсан дуучид үгийг нь анзаарч, ийм дууг эмэгтэй хүн дуулж болохгүй гэжээ. Тэгтэл тоглолтын анхны хяналтанд сууж байсан А.Филатова дууны үгэнд төдийлөн анхаарал хандуулаагүй тул дуучин бээр мэнд өнгөрсөн гэнэ.

Уртын дуучин М.Дорждагва, морин хуурч Б.Баттулгын хамт дуулснаар

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.