images

Дэлхийн зэс үйлдвэрлэгч шилдэг 15 орны нэгээр Монголыг нэрлэв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-22


     Нью-Йоркт төвтэй энгийн хөрөнгө оруулагчдад арилжаа болоод эрсдлийн сангийн мэдээллийг үнэ төлбөргүй хүргэдэг санхүүгийн “Insider monkey” веб сайтаас дэлхийн шилдэг 15 зэс үйлдвэрлэгч орны жагсаалтыг гаргажээ. Жагсаалтын 15 дугаар байрт манай улсыг нэрлэсэн байна. Тэд 2021 онд хамгийн их зэс үйлдвэрлэсэн 15 орныг сонгож тус улсуудын зэсийн нөөц, үйлдвэрлэлийн ирээдүйн төлвийг авч үзээд уг жагсаалтыг гаргасан аж. Өнгөрсөн онд манай улс 236 мянга 900 тонн зэс үйлдвэрлэсэн байна. Сайтад “Монгол бол дэлхийн хамгийн том алт болон зэсний уурхайнуудын нэг “Оюу толгой”-н өлгий нутаг. 2021 онд тус уурхай 163 мянган тонн зэс үйлдвэрлэсэн бөгөөд 2052 он хүртэл ажиллах төлөвтэй байна. Мөн төсөл бүрэн хүчин чадлаараа 2028 оноос ажиллана. Үүний дараа “Оюу толгой” дэлхийн хамгийн том алт болон зэсний уурхай болно” гэж мэдээлжээ. Өнгөрөгч онд Монгол улс гурван тэрбум ам.долларын үнэ бүхий зэс экпортолсон нь дэлхийн зэсийн экспортын 3.4 хувийг эзэлсэн байна. Мөн энэ оны эхний улиралд 335 мянган тонн зэс Хятад улсад нийлүүлжээ. Иймд тус сайт манай улсын уул уурхайн салбар одоогийн дэвшлээрээ байвал 2030 он гэхэд дэлхийн тав дахь том зэс үйлдвэрлэгч орон болно гэж дүгнэсэн аж. Тэгвэл жагсаалтын нэгдүгээр байрт 5.62 сая тонн зэс үйлдвэрлэсэн Чили улс оржээ. Тус улс дэлхийн зэсийн 23 хувийг үйлдвэрлэдэг гэнэ. Зэсийн үйлдвэрлэл гэдэг нь цэвэршүүлсэн зэс гаргаж авах үйл явц юм. Тэгвэл үйлдвэрлэсэн зэсийн хамгийн том хэрэглэгч нь Хятад улс юм. 2021 оны байдлаар дэлхийн нийт цэвэршүүлсэн зэсний 52 хувийг тус улс дангаараа хэрэглэжээ. Өнгөрсөн онд дэлхийн зэсийн зах зээлийн хэмжээ 304.79 тэрбум ам.доллар байсан бол 2029 онд 454 сая орчим ам.доллар болж өсөх төлөвтэй аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.