images

Хэнтий аймагт тайга нохойн уралдаан болжээ

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


     Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Талын түмэн адууны баяраар тайга нохойн уралдаан болжээ. Тус суманд сүүлийн жилүүдэд үнэг, чоно барьдаг анч тайга нохойг эрчимтэй үржүүлж байгаа аж. Түмэн адууны баярын гол таван арга хэмжээний нэг болох “Талын гөрөөчин” хэмээх энэ уралдаан нь нохойгоор хараахан ан хийлгэдэггүй, мориор хөтөлж, өгөөш тавьж хоёр янзаар уралдуулдаг байна. Энэ талаар уг баярыг зохион байгуулсан тус сумын Засаг дарга Б.Жавхланбаяраас тодруулбал “Энэ жилийн уралдаанд сум сумдаас арав гаруй тайга нохой уралдсан. Эр, эм гөлгөн нохой, насанд хүрсэн эр, эм нохойн гэсэн ангилалд уралддаг юм. Ангилал ангилалдаа тохирсон 1, 1.5, 2 километрийн зайд уралддаг. Эзэд нь нохдоо уралдах газар нь аваачна. Тэгээд тусгай төхөөрөмжид өгөөш хийгээд түүний араас нохойгоо гүйлгэдэг. Машинтай дагуулж давхидаг гэсэн үг” гэж ярилаа. Харин тус сумын Нийгмийн бодлогын түшмэл Г.Чимэгсүрэн энэ талаар “Эзэн нь морио унаж, нохойгоо хөтлөөд уралддаг. Тус тэмцээнд морь нь нохойгоо дагуулж давхиж сурсан уу, нохой нь морио дагаж давхиж сурсан уу, эзэн нь морь, нохойгоо хэр сургасан, явдал нь ямар байна вэ гэдгийг харж шалгаруулдаг” гэж манай сурвалжлагчид ярилаа.

     Ойрын зайн гөлгөн нохойны уралдаанд Батноров сумын Ч.Гантөмөрийн эр гөлгөн нохой, Хэрлэн сумын Ганзоригийн эм гөлгөн нохой түрүүлжээ. Харин Хэрлэн сумын Пүрэвдорж, Батноров сумын Энхболдын ноход эр, эм нохойн ангилалд түрүүлсэн байна. Морьтой нохойн хөтөлгөөт уралдаанд Батноров сумын хоёрдугаар багийн малчин Г.Даваажавын нохой тэргүүлжээ. Уг уралдааны шагналын санг бүртгэлийн хураамжаас босгосон бөгөөд ойрын зайн уралдааны хураамж 10 мянга, морьтой хөтөлгөөт уралдааных 20 мянган төгрөг байжээ. Ийнхүү төрөл тус бүрт эхний гурван байрыг шалгаруулж шагнасан аж.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.