images

Хэнтийн Батноров: Талын түмэн адууны баярын сонин

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2022-11-21


Хэнтий аймгийн Батноров суманд өнгөрсөн амралтын өдрүүдээр болсон Талын түмэн адууны баярын талаар тус сумын Засаг дарга Б.Жавхланбаяртай ярилцлаа.

-Энэ жилийн Талын түмэн адууны баярын сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-Талын түмэн адууны баярыг энэ жил найм дахь удаагаа зохион байгууллаа. Жилдээ нэг удаа 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн амралтын өдрөөр тогтмол тэмдэглэдэг. Энэ баяраар уламжлал болгон жил бүр зохиодог уралдаан тэмцээн, үйл ажиллагаагаа бүгдийг нь зохиолоо. Морь уургалах, эмнэг булгиулах, уурга шүүрэх уралдаанаас гадна “Удамт Монгол” хүүхдийн морьтой жагсаалд 85 хүүхэд жагслаа. Мөн тайга нохдын уралдаан ч болов. Энэ жилийн хамгийн чухал зүйл нь Соёлын яамнаас заавар зөвлөгөө өгч, хамтарч ажилласан нь байлаа. Батноровыг адууны нутаг гэхээс гадна анд нөхөрлөлийн өлгий нутаг гэдэг. Тиймээс баярын үеэр гурван өргөө гэр барьсан. Нэг нь Анд нөхөрлөлийн өргөө нэртэй. Батноров бол Тэмүжин Боорчитой анх танилцсан газар. Энэ тухай “Монголын нууц товчоо”-нд юу гэж тэмдэглэсэн талаар Улаанбаатар хотоос ирсэн эрдэмтэд танилцуулга хийлээ. Өөр нэг гэрт Батноров буюу Тожил хийцийн шир, суран эдлэл, мөнгөн чимэгтэй эмээлээ гар урчууд танилцуулсан. Гурав дахь гэрт тайга нохойг танилцуулах үзүүлбэр, үзмэр дэлгэж, үүх түүхийг нь танилцууллаа. Тайга нохой бол хаадын анч нохой юм. Үүнийг бид Талын түмэн адууны баярын онцлох зүйл мөн гэж харж байна. Эдгээр таван уралдааныг жил бүр зохиодог.

-Энэ жилийн тэмцээнд 200 гаруй хүн, мянга орчим адуу оролцсон гэж байсан. Энэ үнэн үү?

-Морьт жагсаалд оролцсон хүүхдүүд, морь уургалагчид, эмнэг булгиулагчид, адуучид гээд тэмцээнд оролцсон хүмүүс нь 200 гаруй. Харин энэ жилийн баярын үеэр цасан шуургатай байсан болохоор үзэгч цөөхөн байлаа. Бид 1500-гаад хүн ирсэн гэж тооцоолж байгаа. Харин 600 гаруй адуу оруулсан. Тогтмол мянга эсвэл мянгаас дээш адуу оруулдаг юм. Батноров сум адууны өлгий нутаг шүү дээ. Гурван түмэн адуутай. Энэ тоогоороо улс, аймагтаа дээгүүрт ордог.

-Дээр дурдсан таван уралдаанаас гадна морины тухай дууны шүлгийн уралдаан, сайхан хос морьтон гээд нийт 7, 8 уралдаан зохион байгуулсан юм билээ. Хаанахын хүмүүс шилдгээр тодорсон бэ?

-“Домогт талын хүлэг” нэртэй дууны уралдаанд дөрвөн аймаг, таван сумын гучаад хүн оролцлоо. Хамгийн хол нь Төв аймгаас ирсэн. Ингээд Гран-При шагналыг Батноров сумын Соёлын төвийн ажилтан Баярзул, тэргүүн байрыг Галшар сумаас оролцсон Долгоржав эзэлсэн. Хоёр, гуравдугаар байрт Жаргалтхаан, Баян-Овоо сумын малчид шалгарлаа.

   Адуу уургалах тэмцээнд 37 хүн оролцсоноос Батноров сумын Улсын аварга адуучин, спортын мастер А.Алтаншагай тэргүүлсэн. Энэ бол “Шургуу тэмцээн” буюу уран уургач шалгаруулах уралдаан юм. Харин “Эмнэг булгиа”-нд зургаан хүн оролцож Батноров сумын гуравдугаар багийн адуучин Ц.Наранхүү тэргүүн байрт шалгарлаа. Мөн сайхан хос морьтноор Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас ирж оролцсон хээр халзан морьтой Б.Амарбат, Я.Цолмонсүрэн гэдэг гэр бүлийн хоёр түрүүлсэн. Тэмцээнд зургаан хос морьтон оролцсон юм. Мөн морьдоо нэг километр буюу ойрын зайн уралдаанд хурдлуулав. Энэ уралдаанд Хэнтий аймгийн Баянхутаг сумын М.Мөнгөнтулга хул морьтойгоо түрүүллээ.

-Шагналын сан хэд вэ?

-Шагналын сан нь бүгд өөр өөр. Дандаа бүртгэлийн хураамжтай. Тухайлбал, “Адуучин” тэмцээнд нэг адуучныг 500 мянган төгрөгөөр бүртгээд түрүүгээ хоёр саяар, аман хүзүүгээ 1.5 сая төгрөгөөр байлж, эхний таван байрыг шалгаруулсан. Харин сайхан хос морьтон шалгаруулахад хураамж авдаггүй гэх мэтээр тэмцээний хураамж, шагналын сан ондоо. Мөн “Удамт Монгол” морьт жагсаалд үндэсний хувцсаа өмсөн морио унаж оролцсон хүүхдүүддээ бүгдэд нь бэлэг өгсөн.

-Аяллын компаниуд Талын түмэн адууны баяр үзүүлэх хоёр өдөр, гурван шөнийн аялал зохиодог юм билээ?

-Энэ бол өвлийн аялал жуулчлалыг дэмжих зорилготой баяр шүү дээ. Тал нутгийн адууны соёлыг сурталчлах, ирж байгаа хүмүүст сонирхолтой юм үзүүлэх зорилгоор зохиодог. Тийм учраас жил бүр тогтсон хугацаандаа хийдэг. Энэ үеэр аяллын компаниуд манайх руу ирэх аялал зохиодог юм.

Гэрэл зургийг: Т.Буяа  

2021 он

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.