Архангай: Булган уулыг дархан цаазат газар болгоно
Хөдөөгийн баясгалан
2024-06-03
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган уулын байгалийн дурсгалт газрыг дархан цаазат газар болгох тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ уг тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу өргөн мэдүүлж байгаа нь энэ юм. Булган уулыг дархан цаазат газар болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, унаган төрх, түүх, соёлын дурсгалууд, ховор амьтан, ургамал, гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрыг улсын тусгай хамгаалалтад авах ажээ. Мөн энэ уулыг 1965 онд улсын тусгай хамгаалалтад авсан боловч 1995 онд УИХ-ын 26 дугаар тогтоолоор байгалийн дурсгалт газрын ангилалд шилжүүлж байжээ. Урсгалт газрын дундуур зүүн хойш чиглэн тогтсон Булган уул нь хоёр Тамирын голын усны хагалбар болдог. Ой мод, хадлан бэлчээрийн ургамлаар нэн баялаг бөгөөд ой хөвч, ойт хээрийн бүсэд тохиолддог ургамлын ихэнх зүйл ургадаг байна. "Монгол улс 2024 он гэхэд нийт нутаг дэвсгэрийн 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авах зорилтод дэмжлэг үзүүлнэ” хэмээн Монгол улсын хөгжлийн бичиг баримтуудад тодорхойлсон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.