Ц.Эрдэнэбаатар: Бурхан багшийн үлдэс эрдэнийг Өмнөд Солонгосоос анх удаа гадаадад гаргасан нь Монгол болов
Соёл эрдэнэ
2024-05-24
Богд хааны ордон музейд “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг дэлгээд байгаа билээ. Ингэхдээ музейн сан хөмрөг дэх Бурхан багшийн цахиур эрдэнэ, намтарт нь холбогдох Г.Занабазарын дэгээр бүтээсэн цутгуур, хөөмөл, зээгт наамал, танка зураг, ном судрын зэрэгцээ Өмнөд Солонгос дахь Олон улсын Буддагийн музейгээс Бурхан багшийн үс, хуруу, таван өнгийн шарира тэргүүт ховор эрдэнэсийг Монголд залсныг олон нийтэд толилуулж байна. Дэлхийд ховор эрдэнэсийг Монголд хэрхэн залсан талаар музейн захирал Ц.Эрдэнэбаатар манайд ийн өгүүллээ.
- Бурхан багшийн үлдэс эрдэнийг Монголд залж авчрах ажлыг зохион байгуулсанд талархал илэрхийлье. Азийн цөөхөн оронд байдаг ховор нандин эрдэнэ Өмнөд Солонгост очсон түүх нэн тэргүүнд сонирхол татаж байна?
- Өмнөд Солонгос дахь Мьянмарын соёлын төв, Олон улсын Буддагийн музейгээс Бурхан багшийн үс, шүдний хэсэг, хурууны савхан яс, нирваан дүрийг үзүүлснийх нь дараа чандарлахад гарсан үнснээс бий болсон пэлдэн буюу шарира гэдэг эрдэнийг Монголд авчран Богд хааны ордон музейд үзэсгэлэн гаргаж байна. Шарира нь таван өөр өнгөтэй. Би энэ талын судлаач биш учраас нарийн хэлж чадахгүй ч цаад талаас өгсөн мэдээллийг хэлбэл, Бурхан багшийн бие цогцсыг чандарлахад тэргүүний хэсгийнх нь үлдэц алтан, залгиур хоолой хэсэг нь мөнгөн, их бие нь сувдан, бойв нь хар өнгөтэй шарира болжээ. Энэ эрдэнэс Өмнөд Солонгост очсон түүх их сонирхолтой. Бурхан багшийг нирваан дүр үзүүлсний дараа Энэтхэгт хинди шашин хүчирхэгжжээ. Тухайн цаг үеийн шашнууд хүчирхэгжин гарч ирэхдээ бусад шашныг үгүйсгэж, түүнээс үлдсэн соёлыг устгадаг байсан. Тийм учраас Бурхан багшийн үлдэс эрдэнийг устгаж магадгүй хэмээн сэрэмжилж “Найман хаан хувааж эзэмшив” гэж тухайн цаг үеийн сурвалжид тэмдэглэгдсэн бий. Эдгээр найман хаан ирээдүйг бошголж үзээд, устах аюулаас сэргийлж эрдэнүүдийг цуглуулан суварга босгож нутгийнхаа энд тэнд нуусан байна. Төв хэсэгт нуувал хүн олоод устгачхаж магадгүй, газарт булбал хойч үе маань олохгүй байж мэднэ гээд зэлүүд, хилийн орчим суваргуудаа босгож түүнийгээ шороогоор хучаад хиймэл уул болгосон байгаа юм. Тэр нь 2500 гаруй жилийн дараа буюу 1912 онд газар хөдөлсний улмаас хөрсний гулгалт үүсэхэд гараад ирж. Тэгэхээр нь археологи, түүхийнхэн ажиллаад найман орны хааны нийлж нуусан Бурхан багшийн үлдэс мөн гэдгийг нотолсон. Тэр олдсон газар нь өнөөдрийн Энэтхэгтэй хил залгаа Мьянмар буюу Бирм улс юм.
Бирмд байсан зүйлс Өмнөд Солонгос руу очсон нь эдгээр эрдэнэсийг Монголд залж ирсэн Мок Так гэдэг хүнтэй холбоотой. Тэрбээр 2000-аад оны үед Мьянмар улсад Элчин сайдаар сууж байсан байна. Тэр үедээ хоёр орны найрамдалт харилцааг сайтар бэхжүүлж, хүмүүнлэгийн асар их тусламж үзүүлж, Өмнөд Солонгосын олон сая жуулчныг Мьянмарт аялуулж, олон мянган оюутанд сургалтын тэтэглэг олгож, нийгэм-эдийн засагт нь онцгой хувь нэмэр оруулсан байна. Ийм шалтгаанаар Мьянмарын Засгийн газар Мок Такт эрдэнэсийг итгэл хүлээлгэн өгснөөр 2008 онд Өмнөд Солонгосын Сөүл хотноо Мьянмарын соёлын төв, Олон улсын Буддагийн музейг байгуулжээ. Бид Бурхан багшийн үлдэс эрдэнүүдийг чухам энэ музейгээс Монголд авчрав.
Мок Так гуай бол дэлхийн буддистуудын “Дарма кинг” төвийн тэргүүн. Энэ төвийн Монгол дахь салбарын тэргүүн нь Самъяа хийдийн лам Д.Батболд юм. Эрдэнэсийг залахын өмнө буюу уржнан жил манай Гандантэгчэнлин хийд төр засгийн байгууллагуудтай хамтарч Энэтхэгээс Бурхан багшийн ринсрэл авчирсан. Ринсрэл бол сэтгэлээ маш сайн хөгжүүлж чадсан эрдэмт лам хувилгаадыг чандарлахад галд шаталгүй үлддэг эрдэнэ. Хамгийн сүүлд манай урлаач багшаас арван хэдэн ринсрэл үлдсэн байна гэдэг аман яриа би дууллаа. Түрүүнд нь миний мэдэхээр Ш.Сонинбаяр ламаас долоон ширхэг үлдсэнийг шавь нар нь авч хадгалсан сураг байсан. Бурхан багшаас үлдсэн ринсрэл одоо мэдэгдэж байгаагаар дэлхийд лавтайяа 24 бий. Энэтхэгийн музейд байдгаас дөрвийг нь уржнан Монголд авчирч Гандантэгчинлин хийд дэх Батцагаан дуганд Монгол дахь эрдэнийн хамт залж олон түмэн мөргөсөн. Ринсрэлийг Бурхны шашинтнуудын хувьд тэргүүн шүтээн гэж үздэг.
- Уг үзэсгэлэнг хэзээнээс төлөвлөж, ямар ямар ажил өрнөв?
- Өнгөрсөн хавар эрт эхэлсэн. Бэлтгэл ажлаа төдийгөөс хийгээд үзэсгэлэнг өдийд гаргана гэж тооцоолсон юм. Соёлын яам, хувийн аж ахуйн нэгжүүд дэмжсэнээр өнөөдөр түмэн олондоо дэлгэн үзүүлж байна. Бурхны шашны ёсоор бол ийм эрдэмт хүмүүс 30 хувийн эрдмээ дараагийн төрөл рүүгээ авч явдаг бол 70 хувийн эрдэм ясанд нь үлддэг гэдэг. Тийм болохоор Бурханы шашинт хүний хувьд Буддагийн лагшин биеийн хэсгүүдээс аль болох олныг цуглуулж, тэндээс тэр их эрдэм мэдлэгийг мэдрэх, энергийг нь шингээх хүсэлтэй явлаа. Энэ нь их гэгээрлээс гадна буян болдог гэдэг. Тэр ёсоор л үлдэс эрдэнийг авчрах хүсэлтэй явсаар байгаад авчирлаа. “Дарма кинг” төвийн тэргүүн Буддагийн музейн эзэн учраас наашаа авчрах бүх юм номын ёсоороо сайхан бүтлээ. Энд онцгой гавьяа байгуулсан хүн бол Монгол дахь салбарын эрхлэгч Д.Батболд лам юм. Одоо Монголд Мок Так гуай өөр долоон лам, 40 сүсэгтний хамт ирсэн байна.
- Эрдэнэсийг манайд авчрахаас өмнө өөр оронд аваачиж үзүүлсэн болов уу. Маш нандин ховор эд болохоор тэр болгон ийш тийш зөөгөөд байдаггүй байх?
- Энэтхэг бол их хэцүү. 2022 онд үзэсгэлэн гаргахад “Хамгийн сүүлийн удаа өөр улсад гаргаж байна. Үүнээс хойш Энэтхэг орноос гадагш явуулахгүй” гэж байсан. Өмнөд Солонгосын энэ эрдэнэс музейнх учраас төр засгаас зөвшөөрөл шаардахгүй авчрах боломжтой байв. Гэхдээ Солонгосоос уг эрдэнийг гадагш гаргасан анхны тохиолдол энэ. Тиймээс түүхэнд бичигдэх үйл явдал болсон байх. Манай хамба номун хан Д.Чойжамц хэд хоногийн өмнө ирэхдээ “Энэ жил их олон шар цэцэг дэлгэрээд байсан. Шашинд маань их том үйл явдал болох нь дээ гэж бодож байлаа. Энэ нэг үйл явдал нь байх аа” гэж ярьсан. Манай монголчууд бэлгэдлийн ард түмэн шүү дээ. Бид ч бас тэгж л бэлгэдэн бодож байгаа.
- Эрдэнэсийг тээвэрлэх, хадгалах, хамгаалах зэрэг асуудал нэлээд нарийн байдаг байх?
- Бэлтгэл хангахын тулд мэдээж хамгаалалтын асуудлыг шийдэх ёстой. Манай Монголын музейнүүд өнгөрсөн жил Засгийн газраар шаардлагатай бүх хөрөнгө оруулалтаа шийдүүлсэн. Тиймээс хамгаалалт, дохиолол, камераа эхний ээлжинд сайжруулсан юм. Хоёрдугаарт, эрдэнэсийг ямар шилэн хоргонд үзүүлэх вэ гэдэг асуудал нэн чухал. Уржнан жил Бурхан багшийн ринсрэлийг үзүүлэхэд Энэтхэгийн Засгийн газраас манай Богд хааны ордонд бууны сум нэвтэрдэггүй шилэн хорго бэлэглэсэн юм. Ийм шилэн хоёр хорго байна гэхээр ажил хэрэг саадгүй бүтэж байгаа юм. Бусад хамгаалалтыг тагнуул, цагдаа, хэв журам, замын цагдаа хариуцаж, Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатар нэлээд асуудал шийдэж өглөө. Энэ талаар яривал их юм бий. Ямар ч байсан ажил үйлс сайхан бүтлээ.
- Эрдэнэсийг авчирсан лам нарын хамт ирсэн 40 сүсэгтэн ямар учиртай вэ?
- Бурхан багшийн үлдэс эрдэнэ бидний тогтоосноор 11 улсад байна. Энэ улсуудыг тойрч эргэл мөргөл хийж явдаг жуулчин дэлхий дээр лавтайяа таван сая бий гэдэг. Тэдний нэг хэсэг болов уу гэж бодож байна. Түүнээс биш эрдэнэсийг дагаж Мок Так тэргүүт найман лам ирсэн. Мок Так лам Бурхан багшийн их хөлгөний номоор явдаг хүн учраас ойлголцоход амархан байна. Дорнын энэ орнууд бага хөлгөний, манайх их хөлгөний номыг дагадаг учраас шашны ялгаа байдаг юм.
Манайд ирсэн тэр дөчин хүний хорь нь шашныхаа дууг дуулж байна лээ. Европын сүмийн найрал дуу шиг өөрийн ая дангаараа солонгос хэлээрээ дуулдаг юм байна. Манайх Өндөр гэгээний зохиосон ая дангаар төвөд хэлээр уншдаг бол тэднийх өвөрмөц уншлагатай санагдав. Солонгос хэлээрээ л Бурхан багшийг магтдаг юм болов уу гэж бодлоо.
- Монголд ирсэн лам нар шүтээнүүдээ хариуцан авчраад буцааж авч явахаас гадна өөр ямар ажил амжуулах бол. Хоёр тал хамтарч хийхээр ярилцсан ажил байна уу??
- Дэлхийн буддистын “Дарма кинг” төв олон чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг юм байна лээ. Жишээ нь, Мок Так ламтан Өмнөд Солонгосын их, дээд сургуульд Мьянмараас оюутан сургах ажлыг олон жил зохион байгуулжээ. Энэ удаа Монголын 500-1000 оюутныг улсынхаа дурын их, дээд сургуульд суралцахад тэтгэлэг олгох асуудлыг ярьсан. Ямар журмаар тэтгэлэг олгохыг бид сайтар ярилцаж тохирно. Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” санаачлагыг дэмжиж тавдугаар сарын 21-нд Налайх дүүрэгт 10 га газарт өөрсдийнхөө хөрөнгөөр мод тарилаа. Энэ хүн улс орнуудад өөрийн чадах чинээгээр сайн сайхныг дэлгэрүүлэх юмсан гэж явдаг хүн байна. Манайд ирээд хэлсэн үгэндээ “Дэлхийн энх тайвны төлөө зүтгэхэд хамгийн том тулгуур болдог зүйл бол Бурханы шашин юм” гэсэн. Иймээс би тэр хүнийг бусдын оюун сэтгэлгээг үл гадуурхах, амьтай, сэтгэлтэй болгоныг өөрийн эх мэт, үр мэт хайрлах Бурхан багшийн сэтгэлийг өөртөө хөгжүүлж чадсан хувраг юм гэж харлаа.
- Эрдэнэсээс заримыг манайд бэлэг болгож үлдээх тухай дууллаа?
- Үс эрдэнэ, хуруу эрдэнэ, шүд эрдэнэ нь мэдээж буцна. Дэлхий дээр нэн ховор шүтээн шүү дээ. Харин шарирад нэг онцлог зүйл байдаг шиг байна. Юу гэхээр шүтэж, тахиж, зөв орчныг нь бүрдүүлбээс үржих шидтэй. Тэрнээс манай музейд өргөх байх. Мөн Монгол дахь “Дарма кинг” төвийнхөө салбарт өгөх биз ээ.
- Ийм ховор нандийн зүйлийг улс хооронд яаж тээвэрлэдэг юм бол?
- Өмнөд Солонгосынхоо авиа компаниар нисэж ирсэн учраас хамгаалж авчрах асуудлаа өөрсдөө зохицуулсан. Миний харснаар, ачаанд хийхгүйгээр өөрсдөө тэврээд суучихдаг юм байна лээ. Тэвэрч харгалзаж байгаа лам нь хоол идэж, ус уухгүйгээр, нүдээ салгахгүй манаж суудаг. Түүн дээр авиа компани нь давхар хянаж, хамгаалсан байх аа.
- 20-нд нээснээс хойш үзэсгэлэнг хүмүүс хэр сонирхов?
- Өнөөдөр өглөө гэхэд би 100 гаруй хүнд тайлбар хийлээ. Энэ их ажлын үед бүгд л эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна даа. Түрүүн би бэлтгэл ажлын талаар ярихдаа хэлэхээ мартсан байна. Эрдэнэсийг хүлээж авахын тулд Богд хааны ордон музей нүдэнд харагдах бүх юмныхаа өнгө зүсийг сайжруулах, зүлэг ногоогоо тэгшлэхээс авхуулаад их юм хийлээ. Хаяг тайлбараас авхуулаад, дэвсгэр дрожоо хүртэл сольлоо. Ханан дээр нь хадаас хадаж, шохойдож болохгүй тул торгоор доторлож, гол үзмэрүүд рүүгээ дэлхийд алдартай Да Винчигийн бүтээлүүдийг гэрэлтүүлдэг зориулалтын “iGuzzini” брэндийн гэрэл ашиглаж эхэлсэн. Тэр гэрлийг зөвхөн тэр үзмэрт зориулж үйлдвэрлэдэг, үнэ өндөр. Хэдэн давхар дурантай байх юм, даавуун үзмэрт, цутгуурт, хөөмөлд ямар хэмжээгээр, хэр хол зайнаас, хэдэн градусын өнцгөөс тусгах юм гээд нарийн учиртай эд. Үүний өмнө бол хятад гэрэл тавьдаг, тэр нь жаахан тодруулахаар үзмэрээ гандаачих гээд, бүдгэрүүлэхээр үзэгчид нь харж чадахгүй болчихдог зовлонтой. Бид музейгээ хааны ордон шиг байлгахын тулд дэлхийн жишигт нийцсэн, орчин үеийн инновацийн бүтээгдэхүүн хэрэглэх учиртай.
- Үзэсгэлэн гаргах хүсэлт тавихад нөгөө талаас өөр ямар ямар шалгуур тавьсан бэ?
- Хүлээж авах ёслол өндөр дээд хэмжээний байх ёстой гэсэн. Энэтхэгийн Засгийн газар бол шүтээнийг өөр улсад залахад ерөнхийлөгчийн айлчлалын түвшинд хүлээж авах ёстой гэж хуульчилсан байдаг. Хоёр улсын ерөнхийлөгч уулзаж байгаа юм шиг тусгай үүргийн онгоц нисгэнэ, ачаа нь тийм, дагалдах хүн нь тэд байна, хүлээн авч буй улс төрийн дууллаа эгшиглүүлж тосно, Засгийн газрын тийм тийм гишүүд байх ёстой гэх мэтээр нарийн юм билээ. Өмнөд Солонгос тийм хуульгүй учир улсуудтайгаа ярьж тохиролцоод хүлээж авлаа.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.