Өндөр гэгээний сүншиглэсэн нэгэн тамганы учир
Соёл эрдэнэ
2024-05-22
Өндөр гэгээн Занабазар 1720 онд өөрийн ах Чахундоржийн ач хүү Ванжилдоржид Түшээт хан цолыг үе улируулан батламжлуулахаар гуйн айлтгасанд Манжийн хаан Энх-Амгалан хойтон жил нь Ванжилдоржид тамга шийтгэн олгожээ. Энэ тамга нь барсын дүрс бүхий бариултай, дөрвөлжин суурьтай, суурийн тал бүрд гурван манж, хоёр монгол, нэг хятад бичээстэй (Халхын Очирай бат Түшээт хааны тамга. Ёслолын яам үйлдэв). Тамганы уланд Өндөр гэгээн жижиг дөрвөлжин цоолж сүншиглэн адислаад алтаар битүүлэн лацдаж, тамгыг үе улиран шүтэж тахиулах лүндэн буулгажээ.
1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлан тунхагласны дараа Чин улсын үед хэрэглэж байсан тамга тэмдгийг халж хураав. Үүнд Богд хаан Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд Түшээт ханы хуучин тамгыг хураан авч, шинэ тамга олгохдоо Өндөр гэгээн Занабазарын сүншигийг Түшээт хан Доржсүрэнхоролжавт буцаан олгож хуучин хэвээр тахиулах зарлиг буулгажээ.
1914-1915 онд Хиагт хотноо Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ байгуулах хэлэлцээрт Богд хааны цолыг хэлэлцэхэд, Монголын төлөөлөгчид Түшээт ханы тамгыг Нийслэл хүрээнээс авчруулан үзүүлж, Богд хааны хаан цолыг хэвээр хадгалан үлдээх нэгэн үндэслэл, гэрч баримт болгосноор цолыг хадгалан үлдээж чадсан гэдэг. Уг гуулин тамганы жин 4111 гр, өндөр 11,2 см, суурийн өндөр 3,5 см, бариулын өндөр 7,7 см ажээ. Тамга Ванжилдоржоос хамгийн сүүлчийн Түшээт хан Доржсүрэнхоролжав хүртэл 11 хүний гар дамжсан байна.
1912 онд хуучин тамга халахад Өндөр гэгээний лүндэнтэй Түшээт ханы тамгыг хэрхэх тухай Богд хаанд айлтгасан бичгийн үг дараах байдалтай байна:
“Айлтгах нь.
Шавь боол Цэрэнчимэд, Гомбосүрэн, Цэдэнсоном сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь, Түшээт хан Доржсүрэнхоролжавын хошууны хуучин тамгыг хураах, эсэхийг зарлигийг гуйж хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Богд эзэн гэгээнээр толилж заан сургахыг гуйх учир, Түшээт хан аймгийн чуулганы дарга, жанжин нарын газраас өргөн мэдүүлсэн бичигт,
Мэдүүлэх учир, энэ жил хавар цаг Дотоод яамны газраас олон засгуудын хуучин тамгыг хураалгаж, шинэ тамгыг хүлээн авч, нээн хэрэглүүлэх зэрэг учир тушаасныг дагаж, манай чуулганы дарга, жанжин нарын газраас уг зааж тушаасан ёсоор гүйцэтгэн дагаж шийтгүүлэх явдлыг харьяат аймгийн хошуудад тушаагаад дагаж шийтгүүлэн буй бөлгөө. Эдүгээ Халхын Очирай бат Түшээт сайн хантаны тамгыг хамаарсан туслагч тайж Дашдэндэв, туслагч түшмэдээс өргөн мэдүүлсэн бичигт, тушаасныг дагаж туслагч түшмэд өчүүхэд хянаваас, урьд Энх-Амгалангийн тавин есдүгээр онд Чин улсын хаанаа Өндөр Богдын айлтгасан нь, миний ач дүү Түшээт хан Ванжилдоржийн хан цолыг үе улиран батлахыг гуймуй хэмээсэнд, Зарлиг, зөв бат болгоё, батын тэмдэг хааны тамга хайрлая хэмээгээд Энх-Амгалангийн жардугаар онд олгосон тамганы үсгийн завсрах чөлөөнд бага дөрвөлжин цоолж, Өндөр гэгээнтэн сүншиг хийж адислаад шүтээн болгон тахиулж, үүрд дагаж явуулахаар өршөөлт лүндэн буулгасан нь уг тамганы үсгийн завсрах чөлөөнд цоолж таалсан үнэнд баримтлах тэмдэг бүхийг туслагч түшмэд хэмээсэн өчүүхэд үзэж мэдсээр дээд лүндэнг дарагдуулж, хуучин тамгыг дув дуугүй хураалгахад үл болох зүйл байх ахубай хэмээн эргэлзэх. Үүнд, шинэ тамгыг даруй нээн хэрэглэж, хуучин тамгыг Өндөр Богд гэгээнтэн сүншиглэж үе улиран тахиулаар лүндэн буулгасан ёсоор Түшээт сайн хан Доржсүрэнхоролжавт сул тахиулах, эсэх алин болохыг зохих газраа мэдүүлэн тогтоолгохыг эрж, өргөн мэдүүлж иржээ. Иймийн тул, үүний учрыг гаргаж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд олдвоос, толилон тогтоож, заан тушаахыг эрж мэдүүлжээ.
Шавь боол Цэрэнчимэд нар мэхийж хянаваас, Түшээт хан Доржсүрэнхоролжавын хошууны хуучин тамгыг урьд Өндөр Богд чингэж сүншиглэж, үе улиран тахиулаар лүндэн буулгасан хэмээсэн нь бус олон засаг хошуудын хуучин тамгатай хараахан адил болгон шууд хураахад татгалзах зүйл байх тул хэвээр тахиулах, эсэх явдлыг зарлигийг гуйн айлтгаж дагаж явуулбаас зохимуй. Иймийн тул хичээнгүйлэн нугалбар бичиж айлтган гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилж, сурган заах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй.
Олноо өргөгдсөний хоёрдугаар он зуны сүүл сарын арван есөн.
Тамгыг хүргэж ирэхүл сүншигийг эгүүлж өгнө”
Эх сурвалж: Монгол улсын үндэсний төв архив, ТБА, ХА-173, Д-1, ХН-85, Б.2.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.