images

Тайланд: Гадаад харилцааны сайдын айлчлалыг тохиолдуулан хүндэтгэлийн хүлээн авалт болов

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2024-04-23


   Бангкокийн оффисын тэнгэр өөд цоройсон сунагарууд дотроо хамгийн өндөр, 61 давхар "One City Center"-ийн орой дахь задгай танхимыг Монголын олон талт амьдралыг дүрсэлсэн ийм гоё зургуудаар чимэглэжээ. Яагаад ингэсэн бэ гэхээр манай Гадаад харилцааны сайдын айлчлалыг тохиолдуулан, Монгол, Тайланд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт энд болж байна. Дөнгөж сая эхэлсэн юм. Тайландын парламентын дээд танхимын даргаас өгсүүлээд Засгийн газрын гишүүд, хэд хэдэн агентлагийн дарга, Тайландад суугаа гадаад орнуудын Элчин сайд нар, олон улсын байгууллагуудын тэргүүд, бизнесмэнүүд иржээ. Бизнесийн төлөөлөл гэхэд л 70 гаруй хүн ирсний дотор "BMW Thailand"-ын ерөнхийлөгч, "McDonald's"-ын Зүүн өмнөд Ази хариуцсан захирал, ASEAN-ы орнууд дундаа дөрөв дэх том банк болох "Maybank"-ны захирал, эрчим хүчний BAFS группийн захирал гээд явж өгөх нь ээ. Бидний сайн мэдэхээс гэвэл "Red Bull"-ыг үйлдвэрлэдэг "TCP Industries" группийн захирал байна. Зөвхөн энэ групп гэхэд л эргэлт, ашиг, хөрөнгө нь тэрбум тэрбум доллароор л яригдана, хайрхаан. Аваргуудыг дэргэдээс нь харахаар аймаар, гэхдээ Монголыг минь хүндэтгэж, бас сонирхоод зорьж ирснийг нь бодохоор сэтгэлд өег. Ингэж ирсний үрээр манай Монголд хэрэг тустай, сонин сайхан ямар үйл хэргүүд өрнөх бол гэж бодохоос "инээд хүрнэ". Бичлэгт буй энэ болон үнэнхүү нүд булаам бусад олон гэрэл зургийг Тайланд улс дахь Монгол улсын соёлын элч Жатенипат Кетпрадит авчээ. Мэргэжлийн гэрэл зурагчин, Монголын казахуудын амьдралыг харуулсан нэг зураг нь тээр жил олон улсын шилдэг гэрэл зургаар шалгарч байв. Энэ бичлэгт буйгаас өгсүүлээд, авсан зургууд нь зах зээлд зүгээр л гурав, дөрөв, таван мянган доллар. Монголыг сурталчлах гэж, Монголд хэрэгтэй юм хийх гэж улаа эргэтэл гүйдэг нөхөр.

Монголыг сонирхоод, Монголтой хамтрах гээд аваргууд цуглачихсан байхыг харахаар, цаашид юу өрнөхийг нь бодохоор...

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.