images

АНУ: Ерөнхийлөгчийн сунгаанд өрсөлдөж байсан Никки Хейлигийн нөхөр цэргийн албанаас эргэж иржээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-22


   АНУ-ын Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд оролцож байсан, НҮБ-д суугаа Элчин сайд асан хатагтай Никки Хейли цэргийн албанаас эргэж ирсэн нөхрөө тэврэн байгаа зургаа Х сүлжээнд нийтэлжээ. "Чамгүйгээр өнгөрсөн маш урт жил байлаа. Эсэн мэнд эргэж ирсэнд баярлалаа" гэсэн тайлбартай энэ зургийг нийтэлснээс хойш 12 цагийн дотор ойролцоогоор 400 мянган хүн үзсэн байна. Түүний нөхөр Майкл нь Өмнөд Каролинагийн Үндэсний гвардийн хошууч цолтой бөгөөд өнгөрсөн оны зургадугаар сард Африкийн Жибути улс руу томилогдон нэг жил гаруй үүрэг гүйцэтгээд эргэж ирсэн байна. Н.Хейли энэ оны гуравдугаар сар хүртэл үргэлжилсэн ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшигчийн сунгаанд өрсөлдсөн юм. Энэ хугацаанд нөхөртэйгөө байнга холбогдож яаралтай хэрэг гарсан үед хамгийн түрүүнд зөвлөлддөг байсан тухайгаа ярьжээ. Тэд 26 настай охин, 23 настай хүүтэй ажээ. Сунгааны үеэрх нэг удаагийн мэтгэлцээнээр Дональд Трамп Н.Хейлид хандан “Танай нөхөр хаачсан бэ? гэж асуусан нь улс орныхоо төлөө онцгой үүрэг гүйцэтгэж яваа дайчныг тохуурхсан гэсэн шүүмжлэлд өртөж байсан юм. Харин Н.Хейли нулимс дуслуулан байж "Майкл маань цэрэг хүний ёсоор Африкт үүрэг гүйцэтгэж яваа" гээд "Америк бол тэмцэж яваад үхэж болох бидний эх орон учраас тийм шийдвэр гаргасан" гэж хариулж байсан юм. Майкл мөн 2013 онд эхнэрээ Өмнөд Каролина мужийн амбан захирагчаар ажиллаж байх үед Афганистанд сайн дураараа үүрэг гүйцэтгэж байжээ. Н.Хейлиг 2028 оны ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж амжилт гаргана гэж мэргэжилтнүүд үзэж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.