images

Орчуулагч Б.Гэрлээ: Нэг л номыг ноортол нь уншиж үзсэн маань “Салхинд туугдагсад”

Б.Бадамзул

Миний дуртай ном

2022-11-15


Японы Х.Мүраками, Хятадын Мо Янь, Үй Хуа, Оросын В.Обручев тэргүүтэй гадаадын олон зохиолч, судлаач, эрдэмтний номыг монгол хэлнээ хөрвүүлсэн орчуулагч Б.Гэрлээ манай “Миний дуртай ном” буланд уригдаж, дуртай номынхоо талаар ярьсныг толилуулж байна. 

     Би Маргарет Митчелл зохиолчийн “Салхинд туугдагсад” романд их дуртай. Уншихаасаа өмнө хоёр ангитай киног нь эхэлж үзсэн юм. Тэр үед 16, 17 настай л байсан. Дараахан нь ээж Оросоос хоёр боть зузаан ном авчирч өгсөн нь “Салхинд туугдагсад” байв. Уншихад киноноосоо бүр дэлгэрэнгүй, илүү гоё үйл явдалтай байсан болохоор бүр салбартал нь уншсан даа. Маш олон дахин давтаж уншаад сүүлдээ бараг л цээжилсэн шүү. Тухайн үед орос сургуулийн сурагч байсан болохоор энэ хэлээр уран зохиолын ном уншихад төвөгтэй байсангүй. Тэгээд ч “Салхинд туугдагсад”-ыг монгол руу орчуулаагүй байсан үе л дээ. Одоо ч монгол руу орчуулсныг нь уншиж үзээгүй явна.

     Зохиолын үйл явдал Америкийн Иргэний дайны үед өрнөдөг. Гэхдээ энэ бол эмэгтэй хүний тухай зохиол. Эмэгтэй хүн хайр дурлалынхаа төлөө яаж тэмцэж амьдралаа босгоод, зовлон бэрхшээлийг ялж өөртөө итгэлтэй болж байгаа тухай гардаг. Ийм үйл явдал, агуулгатай болохоор надад таалагдсан хэрэг.

Миний хайртай дүрүүд 

Скарлет

     Зохиолын дүрүүдээс гол дүрийн эмэгтэй Скарлетт О’Хара надад их таалагддаг юм. Би ч өөрөө тийм хүн. Скарлетт маш өөдрөг, ямар ч зовлон тохиолдоход бууж өгөхгүйгээр “Маргааш өөр өдөр болно” гэдэг. Ийм сэтгэлээр бүх юманд ханддаг нь зохиолын гол үзэл санаа мөн. Зохиолч Маргарет Митчелл романаа анх “Салхинд туугдагсад” гэж биш “Маргааш өөр өдөр” гэж нэрлэсэн юм билээ. Номоо 1935, 1936 оны үед хэвлүүлсэн. Харин гуравхан жилийн дараа кинотой болжээ. Роман нь гарсан даруйдаа Пүлитцерийн шагнал авсан. Богино хугацаанд түүний зохиол олон хүний сэтгэлд хүрч шагнал хүртээд, кинотой ч болчхож байгаа юм. “Маргааш өөр өдөр” гэж нэрлэсэн романыг нь хэвлэлийн газрын редакторууд Америкийн зохиолч, яруу найрагчийн шүлгийн нэрээр “Салхинд туугдагсад” гээд нэрлэчихсэн гэдэг. Энэ зохиолд маш олон хүний хувь тавилан өөрчлөгдөж байгаа тухай гарч байгаа болохоор ингэж нэрлэхээр шийдэж л дээ.

     Романы гол баатар Скарлетт О’Хара өөртөө итгэлтэй, нэг л шийдсэн бол тэр зорилгодоо хүрэхийн төлөө бүхнээ зориулдаг, маш дайчин зан чанартай. Аавынх нь эдлэн газрыг цэргүүд хураахаар ирэхэд гэр бүлийнх нь амьдрал түүний нуруун дээр байгаа учраас өнөөх баян айлын охин байсан Скарлетт лууван хураагаад л хар ажил хийж эхэлдэг. Гэрт нь найм есүүлээ хувааж идэх жаахан хоол үлдсэн байж. Гэтэл тэр хоолыг нь нэг америк цэрэг идэж байдаг. Дүү нараа хооллохын тулд тэр цэргийг гэртээ байсан буугаараа буудаад алчихна. Тэгж анх удаа хүний аминд хүрсэн. Тэгээд тэрийгээ нуух гэж хичээж байгаа нь амьдралынхаа төлөө яаж тэмцэж байгааг нь харуулсан.

     Нэг удаа эдлэнг нь хураах болоод, өчнөөн доллар тушаа гэнгүүт гоо үзэсгэлэнгээ ашиглаад нэг эртэй албан хүчээр шахам суучихдаг. Гэр орноо аврахын тулд л тэр шүү дээ. Би л гэрээ авч үлдэхгүй бол өөр ямар ч аргагүй гээд хөшгөөрөө даашинз хийж өмсөөд гардаг. Тэгээд урьд сайн байсан залуутайгаа уулзахад шоронд орчихсон, түүнд туслах боломжгүй байдаг. Гутарч явж байгаад танилтайгаа таартал боломжийн амьдралтай болчихсон байсан тул тэр залуутай гэрлэчихнэ. Скарлетт баян тансаг амьдрах гэж түүнтэй суугаагүй. Гэр бүлийнхээ төлөө өөрийгөө зольсон хэрэг. Бас тэр хүн нь тийм ч баян биш боломжийн л амьдралтай. Амин чухал хэрэгцээтэй гэр орноо авч үлдэхийн төлөө л тэр. Би өөрийгөө Скарлеттийн оронд байсан бол тийм зүйл хийж чадна гэж төсөөлж чаддаггүй юм. Гэхдээ л зүтгэнэ.

     Номын төгсгөлд нөхөртөө үнэхээр хайртай байснаа мэдсэн Скарлетт түүнийгээ эргүүлж авчрахаар шийддэг. Нөхөр нь өчнөөн жил хажууд байсан ч “Чи намайг хайрлахгүй юм байна” гээд орхиод явсан юм.

Мелани

     Мелани гэж Скарлеттийн анхны нөхрийн эгчийн дүр байдаг. Тэр Скарлеттийн өмнө нь хайртай байсан Эшли гэдэг залуутай суусан. Мелани сайхан сэтгэлтэй, хүнд ч бай сайхнаар ханддаг зөөлөн эмэгтэй боловч цаанаа чанд хатуу, тавьсан зорилгодоо үнэнч эмэгтэй. Яасан бэ гэхээр Скарлетт хоолыг нь идэж байсан америк цэргийг буудаж хөнөөхөд Мелани хоёр давхарт бие нь муу хэвтэж байсан ч түүнд туслахаар сэлэм бариад босож ирдэг. Тэгэхэд Скарлетт Мелани яг над шиг эмэгтэй юм байна гэж мэддэг юм. Биднийг гаднаас нь харахад тэс ондоо ч дотроо ижилхэн юм гэдгийг ойлгоно. Энэ нь хэд хэдэн үйл явдлаар батлагддаг.

Рэт Батлер

     Скарлеттийн гурав дахь нөхөр болох Рэт Батлерын дүрийг зохиолч өөрийнхөө анхны нөхрөөр төлөөлүүлж бичсэн юм билээ. Хориотой наймаа хийчихдэг, сэргэлэн, наймаа хийдэг болохоор чинээлэг, хэрэгт холбогддог ч тийм ч буруу явдаггүй, хайртай хүндээ хайртай гээд хэлчихдэг зоримог, ёстой л эмэгтэйчүүдийн дуртай дүр. Кинонд Рэт Батлерийн дүрийг тухайн үеийн Холливүүдийн од, алдарт жүжигчин Кларк Гэйбл бүтээж байв.

Сэтгүүлч Митчелл яагаад зохиол бичив?

     Маргарет амьд ахуйдаа сонгодог зохиолчдын тоонд багтаж чадсан юм. Хамгийн сонирхолтой нь, энэ эмэгтэй ганцхан зохиол бичсэн. Тэр нь энэ “Салхинд туугдагсад”. Сэтгүүлчээр ажиллаж байхдаа хөлөө бэртээчхээд гэртээ сууж байхдаа бичсэн юм билээ. Маш сайн бичдэг, ярьдаг байж. Тэгээд нөхөр нь “Чи ном бичвэл яасан юм бэ” гэснээр Маргарет зохиол бичихээр болжээ. Скарлеттийн дүр бол зохиолч өөрөө гэдэг. Өөрөө ирланд гаралтай эмэгтэй. Маргаретт Митчелл зохиолчийн хоёр өвөө Америкийн Иргэний дайнд оролцож байсан учраас түүхээ их ярьж өгдөг байж л дээ. Энэ романыг 30 гаруй хэл рүү орчуулсан байдаг.

Хувь заяа

     Дайны үе болохоор чинээлэг газрын эзэд хоосорсон. Боолууудыг чөлөөлөх гол тэмцэл өрнөж зорилгодоо хүрсэн ч зохиолч Өмнөдийнхөн буюу газрын эздийн зүгээс романаа бичсэн маягтай. Боолуудыг чөлөөлсөн ч нөгөөдүүлээ дорд үзсэн хэвээр байсан. Хэдийгээр газрын эзэд боолтой байсан ч тэдэндээ муу ханддаг байгаагүй гэсэн утгаар бичжээ. Гэхдээ тухайн үед яг ямар байсныг мэдэхгүй юм. Хүнд л байсан байж таарна.

      “Салхинд туугдагсад”-д бараг 100 гаруй хүний хувь заяаг бичсэн байдаг. Тэр бүрийгээ маш нарийн бичнэ. Дайны өмнө ийм байсан, дайны дараа тийм болсон гээд л. Туульсын зохиол гэдэг шиг бүлэг хүмүүсийн 15, 16 жилийн амьдралыг нэгд нэгэнгүй бичсэн маш том зохиол доо. Хотынхны нийлдэг нэг хэсгийн хувь заяаг тэгж бүтнээр нь бичихдээ тэдний зан чанарыг сайн дүрсэлсэн болохоор уншихад шууд л ийм хүн байдаг даа гээд төсөөлөлд буудаг юм. Маргарет хоёр өвөөгийнхөө яриаг маш сайн тогтоож авсан шиг байдаг. Жижиг сажиг үйл явдлыг сайн нөхсөн нь үнэхээр таалагддаг. Кино нь хэдий гурван цаг үргэлжилдэг ч тэр бүх үйл явдлыг орхичихсон байдаг юм билээ.

     Хоёр гурван ч найздаа энэ номыг уншихыг санал болгож байлаа. Сүүлийн арваад жил уншаагүй ч, номоо долоо найман жил ноолсон шүү. Хаана юу болдгийг мэддэг болохоор за тэр хэсгийг уншъя гээд гаргаж ирээд л уншина. Хатуу хавтас нь салаад бүр ноорчихдог юм билээ. Нэг л номыг тэгж уншиж үзсэн. Гоё юм уншъя гэж бодохоороо гаргаж ирээд л уншдаг. Энд тэндээс нь дахин дахин унших их гоё. “Салхинд туугдагсад” намайг өөдрөг байхад тусалдаг юм. Төлөвшиж байсан насандаа уншсан болохоор ийм ухамсар надад суулгаж, нөлөөлсөн байж таарна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    gerelmaa

    Монгол хэлээр орчуулагдсан байдаг уу?

    2022-11-23

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    images

    admin

    тийм ээ

    2022-11-24

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.