images

Хөвсгөл аймаг оны шилдэг хүүхдүүдээ нэг сая төгрөгөөр шагналаа

Б.Бадамзул

Хөдөөгийн баясгалан

2023-12-29


Хөвсгөл аймгийн ЗДТГ, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран сурлага, хөдөлмөр, авьяас, өв соёл, энэрэнгүй сэтгэлээрээ манлайлсан аймгийнхаа найман шилдэг хүүхэд, хоёр баг хамт олныг шалгаруулж бүгдийг нь өргөмжлөл, цом, нэг сая төгрөгөөр шагналаа. Тус аймагт 0-17 насны 50227 хүүхэд байдгаас 3338 нь Ерөнхий боловсролын сургуульд суралцдаг ажээ. Тэдний дундаас "Оны шилдэг хүүхэд" шалгаруулахаар болж 24 сумын ЗДТГ-т эхний сонгон шалгаруулалтыг хийсэн байна. Ингэхдээ нийт есөн төрөлд нэр дэвшсэн 85 хүүхдийн материалыг шүүж 18 хүүхэд, таван баг хамт олны нэрийг аймгийн ГБХЗХГ-т ирүүлсэнд шилдэг есөн шагналын эзэн найман хүүхэд, хоёр багийг шилдгээр шалгаруулжээ.

   Ингээд Хөвсгөл аймгийн сурагчдыг техник сэтгэлгээ, шинэ санаачлага, бүтээлч байдлаараа 10 дугаар ангийн сурагч Б.Эрдэнэчулуун тэргүүлэв. Тэрбээр аймаг, улсын техник технологийн олимпиадаас медаль хүртэж, улсын лего роботын тэмцээнээс тусгай байр эзэлсэн байна. Харин сурлагаараа тэргүүлсэн сурагч нь улсын химийн олимпиадын хоёр алтан медальтай 10 дугаар ангийн сурагч Э.Мөнх-Эрдэнэ болжээ. Тэгвэл урлаг, уран бүтээлийн төрөлд оны шилдэг хүүхдээр З.Оюунгэрэл шалгарсан бөгөөд тэрбээр олон улсын ардын бүжгийн анхдугаар тэмцээнээс тусгай байр эзэлсэн аж. Мөн тэрбээр аймаг, улсын бүжгийн тэмцээний соло, латин америк, ардын бүжиг зэрэг хэд хэдэн төрөлд алт, мөнгө, хүрэл медалиуд хүртсэн амжилтыг энэ жил гаргажээ. Хөвсгөл аймгийн оны шилдэг спортын амжилттай хүүхдээр Цагаан-Уул сумын тэшүүрчин сурагч С.Ганхөвсгөл тодров. Тэрбээр тэшүүр, шорт трэкийн улс, олон улсын уралдаануудаас медаль хүртэж Нидерландад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрхээ авсан байна. С.Ганхөвсгөл хүү энэ жил Голландад болсон тэшүүрийн тэмцээний 500 метрийн шорт трэк уралдаанаас мөнгөн медаль хүртжээ. Харин ёс уламжлал, түүх соёлоо өвлөгч шилдэг хүүхдээр Монголын сайхан бичигтэн улсын уралдааны тэргүүн байрын шагналт Цэрэнням шалгарлаа. Тэрбээр МУИС-д үнэ төлбөргүй суралцах урилга авснаас гадна аймгийнхаа музейд уран бичлэгийн үзэсгэлэнгээ гаргасан гэнэ. Мөн энэ төрөлд "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн Анхбаяр багштай 12д анги шилдэг ангиар шалгарчээ. Тэд ангиараа Монголын сайхан бичигтэн болсноос гадна монгол хэл, физик зэрэг олон хичээлийн олимпиадаас ангиараа 634 багц медаль хүртсэн байна. Харин байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчны төлөө манлайлсан шилдэг хүүхдээр А.Нямжаргал тодорчээ. Тэрбээр Мөрөн сумынхаа хог хаягдлын тогтвортой менежментийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингээд хүмүүнлэг, энэрэнгүй, сайн үйлстэн хүүхдээр Мөнхцэнгэлийн Тусгаартогтнол шалгарсан юм. Сургуулийнхаа "Улаан загалмай" клубын гишүүн тэрбээр "Юу байна түүгээрээ тусалъя" аян хэрэгжүүлж 35 хүүхэд, 25 өрхөд 2.5 сая төгрөгийн тусламж үзүүлж, "Нэг хүүхэд, нэг дэвтэр" аян явуулан бүтэн өнчин сурагчдад тусалсан байна. Оны шилдэг сурагчдын өөрөө удирдах байгууллагын хүүхдээр Б.Даваадулам шалгарчээ. Харин оны шилдэг баг хамт олноор аймгийн "Хөх Монгол" шатрын клуб шалгарлаа. Энэ клуб арван жилийн хугацаанд 4000 хүүхдэд шатар зааж, сурагчид нь ААШТ-ээс зургаан медаль хүртсэн байна. Мөн 11 удаа дараалж шатрын УАШТ-д багаараа тэргүүлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.