images

10 баримт: 2023 оны шилдгийн шилдэг тамирчин

Н.Ариунсайхан

10 баримт

2023-12-19


1. Монголын үндэсний Олимпын хорооноос спортын салбарын шилдгүүдийг шалгаруулдаг "Бөртэ чоно" ёслолын арга хэмжээ өчигдөр болж, Шилдгийн шилдэг тамирчнаар байт харваач Баатархуягийн Отгонболд тодорч, шилжин явах цомын эзэн болжээ.

2. Тэрбээр спортын сэтгүүлчдийн санал хураалтаас хамгийн өндөр буюу 58 оноо хүртсэн үзүүлэлтээр бусад тамирчдаа манлайлсан байна. 

3. Өнгөрсөн жилийн энэ номинацид Монгол улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаатар шалгарч байв.

4. Б.Отгонболд энэ онд Ханжөүгийн Азийн наадмын аварга, "Парис 2024" Олимпын наадамд оролцох эрх, гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль хүртсэн амжилттай байв. Тэрбээр Ханжөүгийн наадмын үеэр Олимпын медальт Такахару Фүрүкава, Тан Чи Чун нарыг дараалан ялсан юм.

5. Тэрбээр Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа түрүүлж, 2015 онд Дэлхийн цэргийн их наадмаас холимог багийн төрөлд алтан медаль, 2018 онд Азийн цомын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль, Азийн наадмын сорилго тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ.

6. Байт харвааны төрөлд Монголын анхны дэлхийн аварга цолыг 1971 онд Д.Дэмбэрэл хүртэж байсан бол 2008 оны Бээжингийн Олимпоос Д.Баатаржав алтан медаль хүрттсэн юм. Харин Б.Отгонболдын Ханжөүгийн наадмаас авсан алтан медаль Азийн наадмаас Монголын байт харваачдын авсан анхны алтан медаль ажээ.  

7. Б.Отгонболд 2009 онд есдүгээр ангийн сурагч байхдаа “Алдар” спорт хороонд байт харваагаар хичээллэж эхэлжээ.

8. Түүний аав Баатархуяг нь анх байт харваанд сонирхолгүй байсан боловч хүүгээ 2010 оноос тэмцээнд орох үеэс нь эхлэн дагаж явсаар байт харвааны улсын шүүгч болжээ. Энэ тухайгаа тэрбээр ublife.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурссан байна.

9. Мөн түүний ээжийн аав нь үндэсний сурын спортын мастер хүн гэнэ. Харин түүний аавын аав нь хоёр дайнд оролцсон мэргэн бууч хүн байжээ.

10. Б.Отгонболд байт харваагаар тасралтгүй 14 жил хичээллэж байна.  

Гэрэл зургийг: МҮОХ.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.