images

Дорноговь: Хамба Д.Жавзандорж орон нутагт анх удаа морилов

Б.Бат-Амгалан

Чихэнд чимэгтэй

2023-12-18


   Дорноговь аймгийн Сайншанд хот дахь Олон хүрээ Дэчэнчойнхорлин хийдэд шинэ дуган нээж тус хийдийн гол шүтээн Одсэргочоо бурханыг залах ёслол өнгөрсөн бямба гарагт боллоо. Уг ёслолд Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, лхаарамба Д.Жавзандорж морилсон бөгөөд энэ нь хамбын суудалд заларснаас хойш орон нутагт хийсэн түүний анхны айлчлал болж байна. Сонирхуулахад түүний аав Дуламрагчаа одоогоос 30 гаруй жилийн өмнө Сүхбаатар аймгаас Дорноговьд томилогдон ирж Сайншанд хотод автын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд ирээдүйн хамба эндхийн дунд сургуульд нэг хэсэг суралцаж байжээ.     

   Дорноговь аймгийн Бурханы шашны гол хийд болох Олонхүрээ Дэчинчойнхорлин хийдийг анх 1666 онд Говь мэргэн вангийн хошууны Сономдайчин хунтайжийн хүү Анхдугаар ноён хутагт Агваангончиг байгуулсан түүхтэй. Хийдийн гол шүтээн нь Одсэргочоо бурхан бөгөөд Агваангончиг хутагт Төвдөд 30 гаруй жил ном үзээд нутагтаа буцахад багш нь түүнд хайрласан гэдэг. Олонхүрээ хийд анх байгуулагдсан цагаас хойш хурал ном тасралтгүй үргэлжилсээр 1937 онд хүрэхэд лам нарыг тарааж, орон хийдийг устгажээ. Түүхэндээ олон удаа удаа нүүсэн тус хийд хамгийн сүүлд Сайхандулаан сумын нутагт байв. Хийдийн шүтээн Одсэргочоо бурхан хийд тарахад алга болсон бөгөөд 1990-ээд онд Гандантэгчэнлин хийдийн унзад М.Нацагдоржид нэгэн хүн бурхан авчирч өгсөн нь Одсэргочоо шүтээн мөн байжээ. М.Нацагдорж нь хуучны Олонхүрээ хийдэд сууж байсан хүн юм. Улмаар түүний санаачилга, хүчин чармайлтаар хийд дахин сэргэж, хуучны 50 гаруй лам нар цуглан анхны хурлаа хурсан түүхтэй.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.